О.Пүрэвбаатар гавьяатын нэрэмжит тэмцээнд 170 гаруй бөх өрсөлдөв
“Софи-2001”, “Тегеран-2002” Дэлхийн АШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, “Бусан-2002” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 17-18-нд Спортын төв ордонд боллоо. 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх Осакагийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингээр болсон бөгөөд энэ жил илүү өргөн хүрээнд насанд хүрэгчдийн 10 жингийн ангилалд зохион байгуулагдав.
Коронавирусийн цар тахлаас болж тэмцээн уралдаан хэдэн сар болоогүй билээ. Нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойших анхны энэхүү тэмцээнд 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдөв.
Тэмцээний хоёрдахь өдрийн барилдааны үеэр О.Пүрэвбаатар гавьяат өөрийн анхны багш О.Мөнхбат, ид үед нь амжилт гаргахад нь салшгүй холбоотой ажилласан гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ