Спорт авиралтын тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна
Спорт авиралтын олон улсын стандартын дагуу баригдсан, Монгол Улсдаа анхдагч болсон байгууламж Говь-Алтай аймгийн Тонхил суманд байдаг.
Тус сумын уугуул иргэн, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн захиалгаар уг авиралтын ханыг өнгөрсөн жил олон улсын стандартын дагуу барьж байгуулсан бөгөөд “Олимп” спорт авиралтын төвийн нэг жилийн ойд зориулсан Спорт авиралтын тэмцээн энд тав дахь өдрөө үргэлжилж байгаа аж.
Улсдаа хамгийн олон уулын спортын тамирчинтай тус сумын ерөнхий боловсролын сургуулийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн юм.
Тэмцээнд бага нас 2-5 дугаар анги, өсвөр нас 6-8 дугаар анги, залуучууд 9-12 дугаар анги гэсэн ангиллаар сурагчид спорт авиралтын хурд болон техникийн төрлүүдээр аваргуудаа шалгаруулах юм.
Бага насны хурдны төрөлд 126, өсвөр болон залуучуудын ангилалд 56, нийт 182 сурагч багачууд хурдны аваргуудаа өнгөрсөн өдрүүдэд тодруулжээ.
Ирэх өдрүүдэд залуучууд спорт авиралтын техникийн төрлөөр аваргуудаа шалгаруулна. Оролцогчдын тоо нэмэгдэх бөгөөд урьдчилсан байдлаар 200-г давахаар байгаа аж. Тус тэмцээн “COVID-19” халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед, хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
”Олимп” Спорт авиралтын төв нь олон улсын стандартад нийцсэн манай улс дахь одоогоор цор ганц байгууламж бөгөөд Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2019” шагналыг шилдэг бүтээн байгуулалтын төрөлд хүртсэн юм.
Спорт авиралт нь ирэх онд болох “Токио-2020” олимпын наадмаас эхлэн олимпын албан ёсны төрөлд багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ