Цэцэрлэгт хүрээлэнд стандартад нийцсэн гүйлтийн тартан зам тавигджээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулагджээ. Үүний зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн гүйлтийн тартан зам бий болсон байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Анх 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр энэ талбайд тухайн үеийн Хотын Захирагч С.Амарсайхан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох байгууллагуудад нийтийн спорт талбайн тохижилтын ажлын зураг төслийг яаралтай боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг батлуулан тохижилтын ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ дагуу өнгөрсөн намраас эхлэн спортын талбай байгуулах ажил эрчимтэй хийгдсэн. Гүйлтийн тартан зам цар тахлын улмаас хил дээр саатаад байсан нь есдүгээр сарын сүүлээр бууж, дэвсэлтийн ажил эхэлсэн. Уг ажил бүрэн дуусаж, өнөөдөр тэмдэг тэмдэглэгээгээ хийлээ” гэв.


Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэхдээ 3,450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5,500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын харайлтын зам, 1,155 ам метр явган зам тавьжээ.


Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, гэрэлтүүлэг, төвлөрсөн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай ашиглалтад орж, хүүхэд залуучуудын очих дуртай газар нэгээр нэмэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ