Б.Гэрэлтуяа: Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багш нарыг мэргэшүүлэх шаардлагатай

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Гэрэлтуяаг урьж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн талаар ярилцлаа.


Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажил 1990 оноос тасалдсан


-Монгол Улс 60 орчим жилийн өмнөөс тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг ОХУ, Унгарт бэлтгэж эхэлсэн. Миний хувьд ОХУ-ын Багшийн Дээд сургуулийг согог зүйч, хэл засалч мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлийн багш бэлтгэх ажил нь  манай улсад 1990-ээд оны үеэс тасалдсан. Энэ нь тухайн үедээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зөвхөн тусгай сургуульд сурна гэсэн ойлголттой байсан учраас багш нар хангалттай гэж үзсэн болов уу. Одоогийн байдлаар хуучнаар ЗХУ-д төгссөн 20 гаруй багш МУБИС, Боловсролын хүрээлэн мөн тусгай сургуульд ажиллаж байна. Тусгай хэрэгцээт боловсролын  мэргэжлийн багш бэлтгэх сургалтыг 2018 онд  дахин эхлүүлж, 10 оюутныг БШУЯ-наас  бодлогоор дэмжин Эрхүү хотод хэлний бэлтгэлд сургасан. Манай улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хооронд жил бүр  500 оюутныг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна гэсэн хэлэлцээр байдаг.


Энэ тэтгэлэгт тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр дээрх хүүхдүүдээс  найман оюутан тэнцээд одоо Москва, Санкт-Петербург, Томск хотод суралцаж байна. Харамсалтай нь дараа жилд нь энэ мэргэжлээр нэг ч оюутныг суралцуулж чадаагүй. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай болсон учраас МУБИС-д Тусгай хэрэгцээт боловсролын багшийг 2013 онд нэг жилийн хөрвөх, 2015 онд 3.5 жилийн бакалаврын хөтөлбөр шинээр боловсруулан өөр өөрийн орны мэргэжлийн боловсон хүчний дэмжлэгтэйгээр бэлтгэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн  нэг жилийн хөрвөх болон 3.5 жилийн бакалаврын ангийг 140 орчим багш төгсөж мэргэжлээрээ ажиллаж байна.  Ирэх онд тус мэргэжлээр 16 оюутан  төгсөнө. БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2018 онд  МУБИС-д Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийг байгуулсан. 


Мэргэшсэн тусгай хэрэгцээт боловсролын багшаас гадна цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа бүх багшийг энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай. Учир нь багш хүн хүүхэд  бүрийн хөгжлийн түвшинг тодорхойлж,  тэдэнд тохирох дэмжлэг, боловсролын үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.


Манай улс НҮБ-аас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” конвенцид 2009 онд нэгдэж орсон. Энэ конвенцийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх явдлыг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, түүнчлэн тэдний нэр төр, нандин чанарыг хүндэтгэн дэмжихэд оршдог.  Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч, боловсрох эрхийг хангаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар тусгасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” өргөн хүрээтэй хуулийг 2016 онд баталсан. Хэдийгээр олон улсын болон Монгол Улсын хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж нэрлэж байгаа боловч манай боловсролын байгууллагуудад тэд “Боловсролын тусгай хэрэгцээтэй” хүүхэд юм. 


Тэгэхээр бид тэдний боловсролын тусгай хэрэгцээг хангах ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар бүх хэрэгцээг хараахан хангаж чадахгүй байна. Энэ хэрэгцээнд мэргэшсэн багшийн асуудал ч  багтана.  Тиймээс   МУБИС өөр мэргэжлээр сурч байгаа оюутнууд сонгон судлах хичээлээрээ тусгай хэрэгцээт боловсролын хичээлийг судлах боломжийг олгосон нь нэг давуу тал юм.    Мөн энэ чиглэлээр  багш нарыг мэргэшүүлэх сургалтыг хийж эхлэх гэж байна. Тухайлбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1439 цэцэрлэг, 820 сургуулийн багш нараас нэг  сургууль, цэцэрлэг дээр нэг багшийг тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшүүлье гэж төлөвлөсөн.  Учир нь боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багшийг чадавхжуулах нь маш чухал юм.


Эрүүл мэндийн шалтгаанаар сургуульд сурах боломжгүй хүүхдүүдэд суралцах орчин хэрэгтэй


-Манай улсад 2019 оны байдлаар 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 11606 нь хүүхэд байна.  Ерөнхий боловсролын сургуульд 6053 хүүхэд сурдгаас  1751 нь зургаан тусгай сургуульд суралцдаг. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт  1076 хүүхэд суралцдагаас 179 нь 10, 186 гэсэн хоёр тусгай цэцэрлэгт суралцдаг. Харин дээд сургуульд 620 орчим хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцаж байна. Гэхдээ энэ бол Үндэсний статистикийн хороо, боловсролын удирдлага мэдээллийн системээс захиргааны маягтаар гаргасан тоо. Захиргааны маягт гэдэг нь сургууль, цэцэрлэгийн багш нар эсвэл асран хамгаалагчаас асуумжаар авсан тоо.  Тиймээс энэ статистик мэдээ зөрүүтэй байх магадлалтай. 


Учир нь Захиргааны маягтын тоон дээр 6053 хүүхдийн хэд нь дауны хам шинжтэй, хэд нь аутизмын хүрээний эмгэгтэй гэдэг нь тодорхой гардаггүй. Зөвхөн хараа, сонсгол, оюуны бэрхшээл, хөдөлгөөн тулах эрхтний бэрхшээл, хэл ярианы бэрхшээл, бусад гэсэн зургаан ангиллын дагуу тоон мэдээлэл гардаг. Тиймээс энэ статистик  мэдээг гаргаж байгаа ажлыг сайжруулах шаардлагатай  байна. БШУЯ, Үндэсний статистикийн хороо, ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын комисстай хамтран өөрийн мэдээллийн системийг сайжруулахаар ажиллаж байгаа. Ингэснээр бид энэ комисстай хамтарч 21 аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрд хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна, онош нь яг юу вэ гэдгийг тодорхойлсон мэдээлэл цуглуулан хянаж, нэгдсэн тоон мэдээлэлтэй болох гэж хичээж байна. Мөн хамрагдаагүй хүүхдээ боловсролын үйлчилгээнд хамруулахад, цаашдын ажлаа төлөвлөхөд ач холбогдолтой юм.


Бид 2023 он хүртэл  тооцоолж үзэхэд Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдийн  нэг орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эзэлдэг гэсэн тооцоолол гаргасан. Энэ нь хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч нэмэгдэнэ гэсэн үг. Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг, оюуны бэрхшээлтэй хүүхдийн дөрөв нийт зургаан тусгай сургууль байна. Мөн хөдөө орон нутгийн зарим сургууль хажуудаа тусгай бүлэг нээсэн.


Жишээлбэл, 2019-2020 оны хичээлийн жилд 35 тусгай бүлэгт 420 орчим хүүхэд хамрагдсан. Гэвч  ердийн ерөнхий боловсролын сургууль байтугай тусгай сургуульд  эрүүл мэндийн шалтгаантай цэцэрлэг, сургуульд явах боломжгүй  хүүхдийг авч чадахгүй байна. Саяхан  ДЦП буюу тархины саажилттай хүүхдүүдийн  X ясли цэцэрлэгийн цогцолбор  ашиглалтад орсон нь онцлох үйл явдал болсон. Энд хүүхдэд боловсролын, сэргээн засах, нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Энэ үйлчилгээг сургуулиудад нэвтрүүлмээр байна.


Хүүхэд бүр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах эрхтэй


-Нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Хүүхдүүд нэг нэгнээ гадуурхах нь багассан. Дэлхийн чиг хандлага бол ямар ч бэрхшээлтэй хүүхэд байсан бусадтай ижил орчинд сурч, хөгжих ёстой гэж үздэг.  Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд үе тэнгийн найз нартайгаа хамт суралцах орчинг сайжруулж, тэдэнтэй ажиллах багш нарыг чадавхжуулах шаардлагатай. Үндсэн хууль, Боловсролын тухай хуульд хүн бүр тэгш боловсрол хүртэх ёстой гэж заасан.  Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд гэж сурч, боловсроход нь ямар нэгэн саад бэрхшээл учирч байгаа, орчин нөхцөл нь бүрдээгүй хүүхдийг хэлнэ. Хүүхдэд сурч, хөгжихөд саад болж байгаа зүйлийг нь арилгаад, боловсрол олгох нь боловсролын байгууллагын үүрэг.


Тиймээс БСШУС-ын сайдын тушаалаар  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” батлагдсан. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг  ердийн хэв шинжтэй ерөнхий боловсролын сургуульд суралцахад сургалтыг хэрхэн зохион байгуулах, дэмжлэгийг хэрхэн үзүүлэх талаар зохицуулсан. Зарим хүн тусгай сургууль байх ёстой, зарим нь хэрэггүй гэж үзэж байгаа ч  дэлхий нийт тусгаарлаж болохгүй ээ , хамт хөгжих ёстой гэж зөвлөж байна. БШУЯ тусгай сургуулиудын тоог нэмэх бус хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэйгээ цуг сурч, хөгжих боломжоор хангахаар ажиллаж байна. Сүүлийн  хоёр жилийн хугацаанд гаргасан эрх зүйн баримт бичиг бүгд тэгш хамран сургах үзэл баримтлалд нийцсэн, удирдлага, зохион байгуулалтыг журамласан байгаа.


Харин “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” нь сургууль, багш,  гэр бүл, сурагч ямар оролцоотой байх, хэрхэн ажиллахыг нь зааварчилсан журам юм. Энэ нь сурагчийн ялгаатай байдлаас хамаарч багш, эцэг, эхчүүд харилцан ярилцаж сургалтын төлөвлөгөөг боловсруулна гэсэн үг.


Түүнчлэн хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээг хүндэтгэсэн, хүртээмжтэй, чанартай, адил тэгш боломжийг олгох, сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцахад таатай нөхөрсөг орчин, хариуцлагыг бий болгох, хүүхдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах,  тэгш хамран сургах боловсролыг дэмжих идэвхтэй үйл ажиллагааны  “Дэмжлэгийн баг” ажиллаж тохирох хэрэгдэгдэхүүн, сургалтын орчинг бий болгох ,сургууль, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн эргэх холбоог сайжруулах ажлуудыг тасралтгүй явуулахаар журамласан. 

Энэ онд “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаанд баримтлах чиглэл” батлагдсан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ганцаарчилсан сургалт явуулах, тэдний хөгжлийг дэмжих ажил зохион байгуулах, эцэг эх, асран хамгаалагчдыг зөвлөгөө мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах талаар ерөнхий боловсролын сургуулийн удирдлагад удирдамж болох юм. Энэ танхим нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд хичээлийн бус цагаар нэмэлт дэмжлэг үзүүлэхэд зориулагдана.


Дохионы хэлний багш дутмаг байна


-Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд зориулсан  теле хичээлийг I-XII ангийн монгол хэл, математик, нийгэм ахуйн баримжаа хичээлүүдээр энэ оны гуравдугаар сарын 16-наас тавдугаар сарын 31-ний хооронд 189 удаагийн хичээлийг нэвтрүүлсэн. Гэвч харааны бэрхшээлтэй хүүхдүүд теле хичээлээр суралцахад нилээд хүндрэлтэй байсан.   Тиймээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийг брайл хэлбэрт шилжүүлэн хэвлэх, зарим сурах бичгийг Дейзи буюу сонсох хэлбэрт шилжүүлэх, харааны болон сонсголын бэрхшээлтэй  сурагчдад нэн тэргүүн шаардлагатай техник хэрэгсэл, төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг эхлүүллээ. “Дейзи уншигч” төхөөрөмжийг нийлүүлэхэд шаардагдах 200 сая төгрөгийг Японы “Жайка” олон улсын байгууллагатай  хамтран шийдвэрлэсэн.

Мөн 116 дугаар сургуулийн сурах бичгийг брайл үсгээр хэвлүүлсэн.Теле хичээлийг дохиожуулахажлыг  29 дүгээр сургуулийн багш нараар хийлгэсэн. Хичээлийг дохиогоор заахдаа багш нар урьдчилан бэлтгэх шаардлагатай байдаг. Теле хичээлийн хувьд тухайн хичээл заагч багшаа дагаад шууд дохиж байгаа учраас олон бэрхшээлтэй тулгарсан. Манай улсад дохионы хэлний багш дутмаг байгаа талаар жил бүр ярьдаг.  Түүнчлэн дохионы хэлний багш нар шинжлэх ухааны хэллэгээ яаж дохих вэ гэдэг дээр хөтөлбөр боловсруулах шаардлагатай байгаа. Тиймээс ямар хэллэгийг хэрхэн дохих хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Энэ ажилд энэ чиглэлээр ажилладаг ТББ, МУБИС, ерөнхий боловсролын 29 дүгээр сургуультай хамтран ажиллана.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл цалин олгоно


-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 447 дугаар тогтоолоор “Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс” байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БШУ-ны яаманд  энэ  оны гуравдугаар сарын 31-нд энэ хэлтэс  байгуулагдсан. Бүх шатны боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч, боловсрол эзэмших эрхийг бүрэн хангах, тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай байгаа ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний стандартыг тогтоож, хангамжийг сайжруулах үндсэн үүрэг  хүлээж ажиллаж байна.


Засгийн газрын 2020 оны “ Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 208 дугаар тогтоолоор  ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй  ажиллаж буй багшид үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах нөхцөл бүрдэх, ердийн сургуульд ажиллаж байгаа багш ангийн нийт суралцагчтай ажиллахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хичээлийн бус цагаар хэрэгжүүлэх нэмэлт ажлын чанар, үр дүн сайжрах, ердийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын чанарт ахиц гарах, нийгэмших, биеэ авч явах, амьдрах чадварт нь ахиц гарах гэсэн олон ач холбогдолтой.  Энэ журам  ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ