"Токио-2020" олимпийн тэтгэлэг олголоо
“Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ.
МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу спортын найман төрлийн 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон. Чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, С.Цэрэнчимэд, Т.Тулга, А.Батцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.
Дээрх тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай. Тухайн спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд гэрээний дагуу 1 сард 415 ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна.
Хөтөлбөр нь 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд “Токио 2020” олимпийн наадамд хойшилсонтой холбоотойгоор гэрээ нэг жилээр сунгагдаж 2021 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэнэ. “Рио-2016” олимпийн өмнө тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт спортын долоон төрлийн 17 тамирчин хамрагдаж байжээ.
Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон дасгалжуулагчид, тамирчид “Токио-2020” олимпийн наадамд хэрхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа цаашид ямар хэрэглэл материал хэрэгтэй байгаагаа танилцуулсан бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бүх тал дээр туслаж дэмжиж ажиллахаа хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ