Коронавирусийн хоёр дахь давалгаа европыг нөмөрлөө

Дэлхий нийтэд коронавируст цар тахлын хугацаанд 35 сая гаруй хүн халдвар авч, COVID-оор нас барагсдын тоо есдүгээр сарын 29-нд нэг саяыг давсан билээ. Хоногт өвчилсөн хүний тоогоор буюу 90 мянга орчим хүн халдварласнаар Энэтхэг тэргүүлж, дараа нь АНУ, Бразил улсууд удаалж байна. Европт байдал тун амаргүй болж байна. Хоёр дахь давалгаа Франц, Испани, Их Британийг нөмөрчээ.

 

Их Британид коронавирустэй хийж буй тэмцэлд шинэ тренд бий болж, одоо зарим бүс нутагт хязгаарлалт тогтоож байна. Британийн улстөрчид нэг ёсондоо "дэггүйтдэг" аж. Тухайлбал, Шотландаас сонгогдсон депутат Маргарет Феррье коронавирусээр халдварласан байж магадгүй гэдгээ мэдсээр байж Лондонд төлөөлөгчдийн танхимд үг хэлжээ. Харин онош нотлогдоход, тэрээр гэртээ харихын тулд улс орныг хөндлөн туулж, өөрийгөө заавал тусгаарлах журмыг бүдүүлгээр зөрчжээ. Шотландын үндэсний намын удирдагч Никола Стержен депутатын мандатаа өгөхийг түүнд санал болгосон байна. Ийнхүү тэрээр 4000 фунт стерлингээр (манайхаар бол-14 сая гаруй төгрөг) торгуулж мэдэх гэнэ.

 

Ерөнхий сайд Борис Жонсоны эцэг дэлгүүрт амны хаалтгүй явж байжээ. Сөрөг хүчний удирдагч асан Жереми Корбин зургаагаас дээш  хүнтэй хамт хооллож, зургаа татуулсан байна. Ингэснээр тэрээр 200 фунтээр торгуулах аж.

 


Францын Марсель хотод ресторан, баарны эзэд өөрсдийнх нь байгууллагын ажлыг түр зогсоохоор эрх баригчид шийдвэрлэсний дараа эмх замбараагүй байдал гаргажээ. Үндэсний ассамблей хатуу хязгаарлалтыг ирэх оны хавар хүртэл тогтоох эрхийг засгийн газарт өгөхөөр шийдвэрлэсэн байна. “Хэрвээ аравдугаар сарын 5-наас наана байдал дээрдэхгүй бол, арга хэмжээ авахад хүрнэ. Ингээд Парис хотоос эхэлнэ” гэж Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ. Парис хот болон захын дүүргүүдэд байдал улам дордож байгааг тэрээр мөн хэлсэн байна.

 

Европт коронавирусийн хамгийн эгзэгтэй цэг болох Мадрид хотын захиргаа эсэргүүцсэн хэдий ч, төв засгийн газар 14  хоногийн хугацаагаар хорио цээр тогтоожээ. Хот болон түүний захын дүүргүүдэд онцын шаардлагагүйгээр орох болон гадагш гарах хөдөлгөөнийг хориглосон байна. Ажил, сургууль, дэлгүүрт очих юмуу эмнэлэгт үзүүлэхээр л гэрээсээ гарч болох гэнэ.  Энэ горимыг хэрхэн сахиж байгааг цагдаа нар ажиглаж байгаа аж. Мадрид хотод ресторан, кафены ажиллах цагийг хязгаарлажээ. Тус хотод өдөр бүр 4000 орчим хүн халдвар авч байна. Энэ нь үнэхээр ноцтой тоо юм.

 


Цар тахлын эхний үеийг харьцангуй тайван өнгөрүүлж, хязгаарлалтын горимыг зөөлрүүлсэн Чех улсад одоо онцгой байдал зарласан байна. Өнөөдрөөс театруудыг хааж, хүмүүсийг олноороо цугларахыг хязгаарласан байна. Өвчтөний тоо эрс нэмэгдэж байгааг эмнэлгүүд хүчрэхгүй хэмээн эрх баригчид эмээж байгаа ажээ. Албан ёсны мэдээгээр, тус улсад эмнэлгийн 1700 ажилтан халдвар аваад байна. Хэрвээ цаашид ийм байдал үргэлжилвэл өвтөнийг эмчлэх хүн олдохгүй болох аж.


 

Өдөрт 7000 хүн өвчилж байгаа Их Британид засгийн газар долоо хоног бүр шинэ тогтоол гаргаж байна.

 


Москва хотын дарга Сергей Собянины зарлигаар, аравдугаар сарын 5-ны даваа гарагаас сурагчид аравдугаар сарын 18-ныг хүртэл хоёр долоо хоног амарна. Нийслэлд коронавирусээр өвчлөх тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд онлайнаар хичээл заахгүй юм. Гэвч сурагчид Москвагийн электрон сургуулийн тусламжтайгаар үзсэн хичээлээ давтах юмуу шинэ материал үзэж болох гэнэ. Харин хүүхдийн цэцэрлэг (сургуулийн өмнөх бүлгүүд) ердийн хуваариар үргэлжлүүлэн ажиллах ажээ.

 

Түүнчлэн ажилтнуудын 30-аас цөөнгүй хувь, ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүс болон настай хүмүүс заавал гэрээр ажиллахад шилжинэ. Ажлын байрандаа заавал байх шаардлагад байгууллагын үйл ажиллагаанд онцгой чухал ажилтнууд үүнд хамаарахгүй аж. 

 

Гэрээр ажиллахад шилжих шаардлага нь эмнэлгийн байгууллага, батлан хамгаалахын үйлдвэр болон стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хамаарахгүй ажээ.

 



Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ