С.Баясгалан: ОХУ-ын Хаант засгийн үеэс барьж ирсэн бодлого нь одоо ч хэвээр байна
МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа.
-Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлалыг та хэрхэн дүгнэж байна. Манай улсад хэр ашигтай айлчлал болов?
-Төлөвлөгдсөн айлчлал байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил ОХУ-Монгол Улсын хооронд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түвшинд очсон гэдгийг харуулсан.
Саяны айлчлал нь өмнөх онд байгуулсан гэрээгээ эрх зүйн хувьд баталгаажууллаа. Энэ гэрээг өнгөрсөн жил Монгол Улс соёрхон баталсан байдаг. Харин энэ оны долдугаар сард ОХУ соёрхон баталлаа. Үүний дараа албан ёсоор бичиг солилцож эрх зүйн хүрээтэй болгосноороо ач холбогдолтой.
Манай улсын хувьд энэ уулзалт маш үр дүнтэй болсон гэж үзэж байна. Учир нь манайх ОХУ-тай ямар харилцаатай байх, энэ харилцаа нь тогтвортой байх эсэхийг маш тодорхой болголоо. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай ямар нэгэн байдлаар харилцаа муудах уу гэдэг асуудал яригдахгүй болж байна. Хоёр улс тогтвортой, удаан хугацааны тодорхой харилцаатай болж байна гэсэн үг л дээ.
-Хугацаагүй, мөнхийн стратегийн түнш гэж олон улсын харилцаанд байдаг юм уу. Энэ ямар учиртай юм бэ. Ёж утгаар бол дагаар орчихоод ирэв үү л гэж харлаа?
-Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн харилцаа байгуулахдаа хугацаагүйгээр байгуулсан. Энгийнээр хэлэхэд энэ нь, манай хоёр орны хооронд ямарваа нэгэн маргаан, асуудал байхгүй. Бид бүхнийг энэ гэрээгээрээ шийднэ гэсэн үг. Үүнийг манай талаас бус ОХУ-ын талаас тавьсан байж магадгүй.
-Яагаад. ОХУ-ын сонирхол нь юу юм бэ?
-Муу талаас нь тайлбарлахад, Монгол Улс энэ хэмжээнд байгаа шүү. Илүү дутуу юм байхгүй шүү. Яг одоогийнхоороо байна гэдгийг илэрхийллээ. Хоёрдугаарт, ОХУ-тай харилцахдаа хоёр орны ашиг сонирхолд нийцсэн, ийм ийм асуудлаар ингэж харьцана. Үүнээсээ гажихгүй гэсэн үг.
Олон улсын харилцааны нөхцөл байдал ямарваа нэгэн байдлаар өөрчлөгдөж эргэлээ гэхэд ОХУ-ыг дагана гэсэн үг. Харин сайн талаасаа урд хөрш ямар байхаас ул хамааран “тодорхой хэмжээгээр холбоотон” болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, аливаа асуудал гарахад ОХУ-д найдна гэсэн үг. Хуучин социализмын үед ч анх тусгаар тогтох гэж байхдаа ч ингэж л явж ирсэн.
-Худалдааны татварын асуудлыг яагаад хөндсөнгүй вэ. Эдийн засгийн “дайнтай” байгаа Хятад-АНУ-ын худалдааны татвар 25 хувиас хэтэрдэггүй. Гэтэл Монгол-ОХУ-ын худалдааны татвар 30-60 хувьтай байна шүү дээ?
-Энэ асуудлаарх ОХУ-ын байр суурь хэвээрээ байгаа Учир нь манайх Евроазийн эдийн засгийн холбоонд орох магадлалтай байна.
-Худалдааны татвараа буулгаач гэхээр Евроазийн эдийн засгийн холбоонд ор гэдэг. Манай улс эвсэлд үл нэгдэх гэсэн байр суурьтай шүү дээ?
-Энэ бол эвсэл биш. ОХУ өөрийн зай, интеграциа тэлж байна. Эдийн засгийн интеграци гэдэг нь тэгш эрхтэй улс орнууд нэгдэх гэсэн үг. Тухайлбал, Европын холбоо ч юм уу АСЕМ улс орнуудыг тэгш оролцоотой байя гэдэг. Харамсалтай нь манайд өөрийн гэсэн орон зай /интеграци/-тай байх үндэсгүй.
Зүүн хойд Азид ийм ийм зүйл хийе гэхээр мөн л боломжгүй байдаг. Өөр өөрсдийн түүх өөрсдийн ашиг сонирхол, эдийн засагтай учраас нэгдсэн бүс болдоггүй. Үүнээс шалтгаалж мөн манай улсын газар зүйн байршлаас хамаарч БНХАУ өөрийн гэсэн интеграци буюу “Бүс ба зам" бодлогыг хэрэгжүүлж байна.
Харин ОХУ “Евроазийн эдийн засгийн холбоо” гэдгээр өөрийн интеграциа тэлж байна. Эдийн засгийн холбоонд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд орж байна.
-Саяны айлчлалаар худалдааны татварыг буулгах талаар хөндөх боломжгүй байсан юм уу?
-Найрсаг харилцаа иж бүрэн стратегийн гэрээг баталгаажуулах нь чухал гэж үзсэн байх. Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэх эсэх нь судалгаа, яриа хэлэлцээрийн шатандаа явж байгаа байх. Бид энэ холбоонд орсноор сөрөг зүйл байхгүй гэж харж байна.
-Таны хувьд Евроазийн холбоонд ороход гэмгүй гэж үзэж байгаа юм уу?
-Орно гэхээр нэг асуудал байна. Шуудхан хэлэхэд Евразийн эдийн засгийн холбоонд нэгдээч гээд ОХУ-ын талаас тавьж байгаа санал нь БНХАУ-ын “Бүс ба зам”-ыг сөрөн зогсох бодлого. Зарим хүмүүс “Бүс ба зам” бодлогыг зүгээр дэд бүтэц тавьж байна гэж ойлгоод байна.
Угтаа энэ бодлого нь Хятадын экспортод гаргах бүтээгдэхүүнийг хялбаршуулах, нөгөө улс нь худалдаж авах боломжтой байх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу дэд бүтцийг тавих юм. Дэд бүтэцтэй болчихоор барааны үнэ тодорхой хэмжээгээр багасна. Учир нь бэлэн дэд бүтэц, тэр дундаа төмөр замаар явж байгаа гэдэг утгаараа барааны үнэ багасна.
Машинаар явбал тээврийн өртөг нэмэгдэнэ шүү дээ. Тиймээс хятадуудын хувьд тээврийн өртгийг боломжийн хэмжээнд хүргэж өрсөлдөх чадварыг нь нэмж байгаа юм. Хятадууд “Бүс ба зам”-ын асуудлыг ярихдаа өөрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй улсуудыг чадамжтай болгох нөхцөлийг бүрдүүлж байна.
-Айлчлалаар хийн хоолойн асуудлыг ярилцсан...?
-Өмнө нь Монголын нутгаар хийн хоолой тавина гэж яригдаагүй байсан. Тавих боломжтой гэж байснаа хэсэг таг болсон. Учир нь, авдаг тал нь буюу БНХАУ зөвшөөрөх ёстой. “Сибирийн хүч 1” гээд Алс Дорнодоор тойрч явсан. Одоо яагаад манайхаар дайруулж байна гэхээр ОХУ-БНХАУ хоёр тохиролцсон гэж харж байна.
Монголын хүсэлтээр ОХУ хийдэг юм биш. Хийн хоолойг хятадууд бус ОХУ-ын талаас барина. Учир нь энд геополитик яригдаж байна. Бүр нарийн яривал геостратеги яригдаж байгаа юм. Хэрвээ БНХАУ-тай ямар нэг асуудал гарлаа гэхэд Оросын талаас Монголыг дэмжинэ. Яагаад гэхээр муугаар хэлэхэд Монголыг хяналтдаа байлгах, сайнаар хэлбэл манайхыг дэмжих бодлого л доо. Манай улсын хувьд “жийргэвч улс” хэвээрээ байгаа.
Аль хаант засгийн үеэс барьж ирсэн бодлого нь одоо ч хэвээрээ байна. Тиймээс ОХУ-ын талаас манайхыг БНХАУ-д алдахаасаа илүү өөрийн талд барьж байх бодлого барьсан нь дээр шүү дээ. ОХУ-аас Монголыг барих үндсэн гурван зүйл байдаг. Энэ нь эрчим хүч, хийн хоолой, төмөр зам юм.
Р.Хишигжаргал
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ