Ц.Төмөрхуяг: Бага насандаа эдэлж чадаагүй жаргалыг ард түмэн аавын минь өмнөөс өгсөн

Монголын кино урлагийн домог болсон Цагааны Цэгмид агсны отгон хүү МУГЖ Ц.Төмөрхуягтай ярилцлаа. Тэрбээр, сүүлийн үед “Фантастик” продакшны бүтээсэн “37-р Точка”, “Зура”, мөн “Этик” продакшны “Хэлгүй жим”, “Монгол филм”-ийн “Эхиймаа” зэрэг хэд хэдэн кинонд залуу уран бүтээлчидтэй хамтран шинэ дүр бүтээгээд байгаа юм.

-Таныг эцэг эхээсээ долуулаа гэж сонссон. Олуулаа өсөх сайхан. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Миний бага нас бусдын л адил алдаа оноотой эгэл жирийн л өнгөрсөн. Мэдээж долоон хүүхдийн хамгийн том нь найман настайдаа эцгээсээ өнчирч үлдэнэ гэдэг хүнд шүү дээ. Би гэхэд л есөн сартай үлдсэн байдаг юм. Хөөрхий ээж минь хүнд амьдралыг нуруун дээрээ үүрч ирсэн. Гэхдээ, нэг ч удаа мохоогүй, шантраагүй, нурж унаагүй, хүүхдүүдээ өсгөөд өдий зэрэгтэй болгосон. Ингээд л жам ёсоороо бурхны орондоо одсон доо. Долоон хүүхэд өсгөхийн хүнд хэцүүг би мэдэхгүй. Гэхдээ бага нас минь үнэхээр сайхан байжээ. Социализмын үе гэдэг хамтач үзэлтэй, нэг нэгнийхээ дэмжлэгээр л амьдардаг байсан. Миний ээж долоон хүүхдээ бүгдийг нь сургуульд сургасан. Ээжийн минь хамгийн том гавьяа нь тэр. Яахав дээ, бид толгой цувдай л идэж өссөн. Ойлгомжтой шүү дээ, тэр үедээ хамгийн муу хоол байсан байх л даа. Одоо бол хамгийн эко хоол болж шүү. (инээв) Тийм л нэг эгэл жирийн амьдралаар өссөн дөө, бид.

-Аавынхаа 58 насанд нь мэндэлсэн гэхээр та их хэнз хүү юм. Эрх дураараа байж чадсан уу?

-Тийм ээ, би чинь хэнз хүүхэд. Гэхдээ эрхлэх гэдэг зүйл огт байсангүй. Би есөн сартайдаа ааваасаа үлдсэн гэж дээр хэлсэн. Тэгээд надаас хойш хоёр хүүхэд гарсан юм. Есөн сартайдаа үлдсэн хүүхэд яахан тэр мэдрэмжийг мэдрэх билээ дээ. “Чиний аав ийм мундаг, сайхан хүн байлаа” гээд ээж минь бидэнд ярьдаг байсан. Тэр үзэл бодол л намайг амьдралд хөтөлсөн. Би чинь сайн эцэгтэй хүн юм байна муу явж болохгүй юм байна, гэж л хичээж амьдарч ирсэн. Үүнийг ээж маань сэтгэл зүрхэнд минь ойлгуулчихсан болохоор өдий зэрэгтэй зүтгэж явна. Ялангуяа аавынхаа мэргэжлийг өвлөж, хоёр хүүхэд нь амжилттай явж байна гэдэг бол сайхан хэрэг юм. Жүжигчний мэргэжил гэдэг зовлонтой мөртлөө, жаргалтай гэдгийг, ард түмэн энэ мэргэжлийг дээдэлдэг гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгож байна.

-Аав тань хэдийгээр бурхан болсон ч алтан үеийн сайхан жүжигчид, тэр үеийн уран бүтээлчид танайхаар орж гардаг байсан болов уу?

-Социализмын үед манайх чинь хуарангийн системтэй байлаа шүү дээ. Драмын театрын зуслан гэж байсан юм. Алтан үеийнхэн чинь тэнд л байдаг байлаа. Тэгэхэд би бага үлдсэн учраас бараг тэр алтан үеийнхний гар дээр тэврүүлж өссөн дөө. Тэр хүмүүс намайг хүн болгосон юм. Нямын Цэгмид, Л.Лувсан, Ж.Лувсанжамц, Ц.Гомбосүрэн, Ц.Гантөмөр гээд л дандаа гайхалтай уран бүтээлчид намайг ээлжилж халамжилдаг байлаа. Тэр сайхан хүмүүсийн буянд л би хүн болж дээ.

-Урлагийн замд, жүжигчний амьдралтай холбогдох болсон хамгийн том шалтгаан тань юу вэ?

-Анх би жүжигчин болъё гэж бодож байгаагүй л дээ. Ээж маань манай ахыг “чи наадахаа Багшийн их сургуульд жүжигчний ангид шалгуул, юмыг яаж мэдэхэв” гэж хэлсэн байсан юм. Хүний ээж гэдэг хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургуультай болгочих юмсан л гэж бодно шүү дээ. Ээжийнхээ суурийг тавьж өгсөн замаар өдийг хүртэл явж ирлээ. Урлаг намайг хүмүүжүүлсэн, төлөвшүүлсэн, урлаг намайг өдий зэрэгтэй авч явж байгаа. Энэ их замыг засч өгсөн хүн бол яах аргагүй миний ээж юм. Тухайн үед сургуульд бүртгүүлчихээд дараа нь очиход 3000 гаруй хүүхдээс дөрвөн хүүхэд авахад тэнцчихэж билээ.(инээв) Тэр үед Г.Дашдондог гэдэг хүн Тэнхимийн эрхлэгч байсан санагдана. Мөн Э.Оюун гэж агуу хүн шалгалт аваад сууж байсан. Тэр хүмүүсийн буян, жаргалыг даагаад, сайн жүжигчин байх гээд хичээгээд л явж байна даа. Тэд нар маань намайг тэнцүүлсэндээ харамсахгүй байгаасай, зөв хүнээ авсан шүү гэж хэлүүлэхийн тулд өнөөдрийг хүртэл би тэмцээд, ажиллаад явж байна.

-Таны ярианд дандаа сайхан хүмүүсийн нэр дурсагдаж байна?

-Тэгэлгүй яахав, би чинь дандаа агуу хүмүүсийн дунд өссөн. Доржсамбуу багшийн гарын шавь нь. Н.Цэвээнравдан, Э.Оюун, Н.Сувд эгч гээд мундаг хүмүүс миний багш байлаа. Одоо “Сити” сургуулийн захирал Ц.Байгальмаа, Л.Чаминчулуун мөн л миний багш байсан. Ийм л агуу хүмүүсээр эрдэм ном заалгасан. Одоо Украины театр урлагийн сургуулийн захирал орос багш маань надад зааж, зааварлаж байсан тулдаа өдий зэрэгтэй л явна. Өөрөө тэгээд сурах гэж эрмэлздэг, мэрийдэг байсан маань их тус болсон байх гэж боддог.

-Долоон хүүхдийн дөрөв нь урлагийн замыг сонгожээ. Үүнд аавын тань нөлөө байсан байх. Ахтайгаа зөвлөх, биенээсээ суралцах гээд сайхан байх даа?

-Тэр аугаа эцгийн хоёр хүү ямар ч бүтээлд муу тоглож болохгүй шүү дээ. Сэтгэл зүрхээ зориулж байж л бүтээл маань сайн гардаг. Жам нь тийм шүү дээ. Бид муу тогловол эцгийн маань нэр муугаар хэлэгдэнэ гэсэн бодол байдаг. Алдаж онох зүйл байлгүй яахав. Гэхдээ алдсан бол алдаанаасаа суралцаад, сайжрах хэрэгтэй. Энэ бол уран бүтээлч хүний өөрийнх нь увдис байхгүй юу.

-Хүмүүс таныг их хурц, огцом ширүүн зантай гэлцдэг. Киноны тань эсрэг дүртэй холбоотой юу. Харин та өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?

-Би ямарваа нэг юманд хариуцлагатай л хандахыг хүсдэг. Одоо үед ардчиллыг хариуцлага гэж боддоггүй, ямарч хариуцлагагүй хүмүүсийн дунд уурлаж, бухимдахаас өөр аргагүй шүү дээ. Энэ бол хариуцлагаас гарч байгаа харилцаа шүү дээ. Өнөөгийн нийгэмд жүжигчин хүн ямар байх ёстой юм гэдэг процесс чинь надад нийцэхгүй байгаа болохоор л би бухимддаг. Тэр бухимдлаа гаргаад хэлчихдэг байхгүй юу. Тэрийг хүмүүс ууртай, догшин гэж бодоод байгаа юм. Тэрнээс биш надад уурлаад, аашлаад байх шаардлага байхгүй шүү дээ.

-Ц.Төмөрхуяг гэдэг хүнийг дүрсэлсэн мэт, таны дотоод сэтгэлийг уудлан харуулсан дүр бүтээсэн үү. Тийм бол тэрхүү дүрийнхээ тухай ярихгүй юу?

-Үгүй ээ яахав байдаг. Хамгийн анх “Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Нялх Сэнгүмийн дүрд тоглож байлаа. Тэр дүр маань өнөөгийн миний дүр. Би эерэг талын дүрд тоглох юмсан гэж боддог л байлаа. Одоо эерэг талын дүр бүтээгээд л явна. Монголчууд туйлшрах дуртай шүү дээ. Тэгээд л “энэ их зэвүүн, балмад дүрд тогловол зүгээр” гээд харчихсан байдаг шиг байгаа юм. Түүгээрээ ард түмэн өөрсдөө дүрээ өгөөд байдаг тал бий. Гэхдээ тэрэндээ бас биш байх аа. Эсрэг дүр бүтээнэ гэдэг маань тэр дүрийн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа зүйлийг л хийж байгаа юм. Түүнийг эсрэг дүр гээд байгдаг. Тэрнээс биш тэр чинь хүнийхээ хувьд аав ээжээс төрсөн жирийн л хүн, өссөн орчин нь л өөр байх даа.

-Сүүлийн үед залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, нэлээдгүй олон бүтээлд дүр бүтээж байна. Залуу уран бүтээлчдийн арга барил, тэдний сэтгэлгээ хэр хэмжээнд байна гэж та харж байна?

-Зөв залуучуудтай ажиллах урамтай шүү дээ. Янз бүрийн л хүмүүс байгаа. Бүтээл хийнэ гэдэг чинь өөр асуудал юм. Бүх л зүрх сэтгэлээ зориулж дайчлан ажиллах ёстой. Тэр ч утгаараа би “Фантастик” продакшны залуустай хамтарч ажилладаг. Бидний хамтдаа бүтээсэн олон сайхан бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрчээ. Би өөрөө ч тэгж дүгнэдэг. Манай залууст хийе, бүтээе гэсэн дэврүүн сэтгэл, зүтгэл байна. Тийм учраас тэднийг их дэмждэг. Дэмжиж явах ч учиртай юм. Тэгэхгүй залуусыг үл тоож, дэмжиж ажиллахаас татгалзаж суувал утгагүй хэрэг. Харин ч тэднийг зөв зам руу нь чиглүүлж, чанартай сайхан бүтээл хийх урам зоригийг өгдөг. Урлагт, тэр дундаа кино уран бүтээлийн ажилд мэдээж мөнгө санхүү яригдана. Хэдий хэмжээний мөнгө өгч байна, тэрнийх нь дагуу тоглодог жүжигчид ч бий. Гэхдээ би тийм хүн биш ээ. Аль болох туслах юмсан, надаас тэд сурна гэсэн сэтгэлээр ханддаг. Би ч мөн эргээд энэ залуусаас маш их юм сурч авдаг. Цаг үе өөр болсон байна шүү дээ. Залуусын мэдэж, чадаж байгаа зүйлсийг би мэдэхгүй тохиолдол гарна шүү дээ. Одоо би “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Өөрөөр хэлбэл, залуу хүүхдүүдэд мэддэг чаддагаа заах, эргээд тэднээсээ суралцаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй байна гэсэн үг юмуу даа.

-Тун удахгүй нээлтээ хийх “Эхиймаа” УСК-нд та дүр бүтээжээ. Энэхүү уран бүтээлийн тухай, тоглосон дүрийнхээ талаар ярихгүй юу?

-Энэхүү кино болсон үйл явдлаас сэдэвлэсэн уран бүтээл. Өөрөөр хэлбэл, сэдэв нь амьдралаас урган гарсан гэсэн үг. Миний хувьд гол дүрийн эмэгтэйн аавын дүр дээр ажиллалаа. Амьдралд хүн гэдэг амьтан үр хүүхдийнхээ л төлөө явж, тэднийхээ төлөө амьдарч дуусдаг юм байна. Магадгүй, хүн болж төрсний зорилго тэр юм шиг санагддаг. Миний дүрийн хувьд, охин нь буруу үйлдэл хийгээд, амьдралаа алдсан нь эцэг хүнд хэрхэн хүндээр тусч байгааг үзүүлдэг юм. Алдаа хийгээд “хэцүү газар" орчихсон охиноо харж суугаа эцэг хүний амнаас ямар ч үг гардаггүй юм байна. Бүр уйлж чадахгүй, гомдож болохгүй, тэр тусмаа загинаж буруутгаж бүр чадахгүй. Энэ үнэхээр хэцүү шаналан. Ялангуяа охин хүүхэд гэдэг чинь хичнээн эмзэг, хэцүү билээ дээ. “Би чамайг буруу хүмүүжүүлсэн учраас миний охин алдлаа” гэх харуусал гуниг тээж байгааг үзүүлэх “дүрийн шугам”-ыг л барьж тоглох гэж хичээлээ. Үр хүүхэд нь ямар нэгэн алдаа гаргахад эцэг хүн бүх бурууг өөр дээрээ авдаг, дотроо нурж, эмтэрч суудаг юм байна л даа. Тийм ч учраас уулзаж ч чадахгүй зугтаж байгаа нь өр өвдмөөр. Нэг бодлын жаргалтай зовлон гэмээр. Алдахгүй хүн гэж байдаггүй, харин жижигхэн л алдаасай, том алдаа бүү хийгээсэй гэж хүний эцэг эх хүсч суудаг юм шүү.

-Сүүлийн үед таны бүтээсэн дүрүүдээс тэс өөр байв уу?

-Их өөр шүү. Сүүлийн үед би чинь мафийн толгойлогчийн дүрд их тоглолоо. Нас намбаа дагаад аавын дүрийг нэлээдгүй бүтээлээ. Залуучууд маань гаднаа хэлэхгүй ч цаагуураа, дүрээр дамжуулаад нас тогтож байгааг минь сануулаад байна шүү (инээв). Гэлээ ч байгалийн жам ёсыг сөрнө гэж юу байхав. Харин нас явж, зүс гундсан ч дотоод сэтгэлийн гүн дэх өөрийн үзэл бодол, амьдралд олж авсан мэдлэг оюунаа л хөгшрүүлэхгүй энэ хэвээр хадгалах гэж хичээж л явна даа. Тэрнээс биш гадна хэлбэр гэдэг тийм ч чухал биш.

-Аав хүн гэдэг үргэлж ээж шиг үглээд байхгүй ч дотроо хамгийн их зовж, чимээгүйхэн нурж байдаг уул юм. Харин та бодит амьдрал дээр өөрийгөө ямаршуухан аав гэж дүгнэлдэг вэ. Үр хүүхдэдээ хэрхэн үлгэрлэхийг хичээдэг вэ?

-Миний хувьд амьдрал дээрээ нэг их нялуураад, хайрлаж байна гээд хошуу дэвсээд гүйдэг аав биш ээ. Урлаг намайг тийм болгосон байж магадгүй. Ёстой л нөгөө хал нь гаднаа хайр нь дотроо хүн гэх юм уу. Миний үр хүүхэд, миний үргэлжлэл юм чинь тэднийгээ хайрлаж халамжлалгүй яахав. Хүүхдүүд минь намайг их зөөлөн хүн гэдэг юм. Би хүүхдүүдээ алд, алдаа хий л гэж хэлдэг. Гэхдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай гэж захидаг. Би чинь мөнх наслахгүй шүү дээ. Намайг яваад өгөхөд хүүхдүүд минь бардам л үлдэх учиртай.

-Залуу уран бүтээлчид, шавь нартаа хандаж юу хэлэх вэ?

-Хүн бүр хариуцлагатай байгаасай гэж хүсдэг. Хаана ямар ч салбарт ажилласан, дор бүрнээ хариуцлагаа ухамсарладаг байгаасай. Эргээд бусдаас хариуцлага нэхдэг, хамтдаа хөгждөг байвал сайхан сан. Хийж байгаа ажилдаа чин зүрхээ зориулж, бие биедээ урам болж амьдрах хичнээн сайхан билээ. Төмөрхуяг гэдэг хүн нэг л өдөр аав шигээ бурхны оронд яваад өгнө. Тэнд намайг ямар олон сайхан хүмүүс хүлээж байгаа бол гэж хааяа төсөөлдөг. Харин тэдэн дээрээ очихдоо хэлэх үгтэй, хийсэн үйлтэй байхыг хичээж явна. “Май, үүнийг хар даа” гээд л тайлан үзүүлэх хэмжээний байвал сайхан (инээв). Тэгвэл тэд маань баярлах байх даа л гэж боддог юм. Агуу хүний хүүхэд байсны хувьд, бага насандаа эдэлж чадаагүй эрх жаргалыг ард түмэн аавын минь өмнөөс өгч байна. Магадгүй, аав минь л энэ их хувь заяаг надад үлдээсэн байх даа.

Д.ОТГОНТУЯА dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ