Б.Эрдэнэбаатар: Амьдралаар нь кино хийе гэхэд Осоржамаа сонгуулийнхантай андуурч дургүйцэж байсан
Нийгмийн хог шаар хэмээгдэж, олон нийтийн доог тохуу болсон сошиал “од” Осоржамааг танихгүй хүн үгүй. 20-30 мянган үзэгчтэй лайвынхөө өмнө элдвээр тэнэглэж, элэглэж байдаг түүний цаад амьдрал нь ямар вэ, ямар хүн юм бэ, яагаад тэнэглэлийн замыг сонгох болсон талаар өгүүлэх киног “Наяд” фильмийн залуус бүтээжээ. Тодруулбал, Осоржамаагийн амьдралыг харуулсан “Амьдрал бол” кино өчигдөр буюу есдүгээр сарын 08-наас эхлэн бүх IPTV-гээр гарч эхэлжээ. Киноны талаар төслийг удирдан санаачлагч Б.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Яагаад Осоржамаагийн амьдралаар уран сайхны киног хийхээр болсон юм бэ?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд Осоржамаагийн лайвын хандалт маш ихэссэн. Үүнийг дагаад хүмүүс Осоржамааг элдвээр хэлэх нь ихэссэн. Тэгэхээр нь манай фильмийн залуус ярилцаад энэ хүний амьдралыг судалж үзье, ямархуу характертай хүн юм, яагаад олон нийт энэ хүнийг үзэн ядаад байна гэдгийг сонирхож өнгөрсөн хавраас хойш өөртэй нь уулзаж ярилцаж эхэлсэн. Биднийг уулзаж эхлэхэд Осоржамаагийн амьдрал огт өөр байсан.
-Огт өөр гэхээр ямар байсан гэсэн үг вэ?
-Яг ямар байсныг кинонд бүгдийг нь харуулсан. Тиймээс энд дэлгэрэнгүй ярьж болохгүй. Та бүхэн киноноос үзнэ биз. Ер нь бол нийгэм нь энэ хүнийг ийм болгосон юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Осоржамааг эмнэлгийн зүгээс сэтгэцийн ямар нэг өөрчлөлтгүй байна гэж дүгнэсэн гэсэн. Бид бүх амьдралыг нь эхнээс нь дуустал нь яриулаад тэрнээс зохиол, санаагаа гаргаж ирсэн. Ингээд бараг хоёр сар орчим байнга уулзаж кино зураг авалтаа хийж байсан. Натурт гарахдаа байнга хамт байсан. Хотод зураг авалт хийхдээ өглөөд гэрт нь очоод орой хүртэл зургаа авч байсан.
-Эмчийн хэлснээр бол сэтгэлзүйн ямар нэг өөрчлөлтгүй гэсэн юм бол энэ хүн жүжиглэж байна гэсэн үг үү?
-Осоржамааг эцэг эхгүйг бид мэднэ. Хойд эхтэйгээ өссөн юм билээ. Ямар гэрт амьдардагийг нь мэднэ. Анх хотод орж ирэхэд нь түшээд авах хүн байгаагүй. Өөрийнхөө бор зүрхээр өдий хүртэл явсан юм билээ. Ярилцаж сэтгэлээ онгойлгох хүн байгаагүй. Тэр үедээ фэйсбүүкийн лайв гэдгийг олж мэдээд хүмүүстэй харилцаж эхэлсэн юм билээ. Анхандаа лайвынхаа учрыг сайн олоогүй, маш олон хүн үзээд доромжилсныг ч мэдээгүй байсан юм билээ. Сүүлдээ тэр хүн муулуулсан ч хамаагүй ханьтай байх гэж, хань татаж ганцаардахгүй гэсэндээ байнга лайв хийдэг болсон юм билээ.
-Анх та нарыг очоод амьдралаар нь кино хийе гэхэд Осоржамаа ямар байдлаар хүлээж авсан бэ?
-Тухайн үед сонгуулийн үе байсан. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах хүмүүс тухайн үед их ирсэн бололтой байсан. Биднийг сонгуулийнхантай андуурч нэлээд дургүй хүлээж авсан. Тэгээд үнэн учраа хэлээд ямар ч сонгууль байхгүй, бидний авсан бичлэг сонгуульд ашиглагдвал гомдол гаргаарай гэж нэлээд ярилцаж, гэрээ байгуулж байж зөвшөөрүүлсэн. Ямар ч байсан өөрийнх нь түүх бол нэлээд хөдөлмөрч залуу юм билээ. Хүмүүс фэйсбүүкийн араас муулдагтай адилгүй. Шал өөр хүн угтаж авсан. Киног нь үзээд энэ залууг бодох бодол өөрчлөгдөх байх аа.
-Та нарыг Осоржамааг ашиглаж мөнгө олох гэж байна гэсэн сөрөг хандлага нийгэмд байна?
-Бид тухайн хүнтэй гэрээ байгуулаад тодорхой хэмжээнд авч өгөх юмаа тохиролцож байгаа шүү дээ. Ашиглаад хаях биш. Бидэн рүү маш олон хүн чат бичиж, Осоржамааг ашиглах гэж байна, мөнгө олох хэрэгсэл болгох гэж байна, Осоржамаа анхнаасаа кино хийх гэж жүжиглэж байсан байна гэх мэт сөрөг хандлагууд явуулж байна. Осоржамаагийн хувьд өмнө нь дандаа л ашиглуулж явсаар өдийг хүрсэн юм билээ. Харин бид ашиглах биш харин хамтарч, тохиролцож ажил хэргийн гэрээ байгуулсан хүмүүс. Өөрийнх нь амьдралыг л бусдад харуулахыг зорьсон. Энэ киног үзэх юм бол хүмүүсийн сэтгэгдэл, сэтгэхгүй өөрчлөгдөх байх. Хийц талаас нь үзсэн хүмүүс л дүгнэх байх. Осоржамаа өөрөө лайв хийхдээ ярьдаг шүү дээ. Намайг тэнэгтвэл улам их хүн үздэг. Над дээр тусламж гуйж хүмүүс ирээд тэр хүмүүст туслахаар лайв хийхэд хүмүүс үздэггүй. Сайн юм ярьвал үздэггүй, саарыг л үздэг. Нийгмийг өөрчилмөөр байна. Яаж эрх чөлөөтэй амьдрахаа хүнд харуулмаар байна гэсэн. Тиймээс бид түүнийг яаж өдий хүрснийг харуулахыг хүсч байгаагаа хэлж бүрэн ойлголцсон гэж хэлж болно.
-Цагдаа нар ирээд зоддог гээд л уйлаад ярьдаг шүү дээ. Тэр нь яг үнэн байсан уу?
-Тийм асуудлыг нь сайн мэдэхгүй. Ер нь цагдаа ч бай хэн ч бай тэр хүнд хамгаалах хүн байхгүй. Элдэв асуудалд ороод цагдаад хандаад өргөдөл гаргахаар ямар ч хариу байхгүй гэж ярьж байсан. Намайг хамгаалах хэн ч байхгүй болохоор би өөрөө өөрийгөө л авч явна гэсэн.
-Осоржамаа гол дүрийн жүжигчин юм байна. Хэр сайн жүжиглэсэн бэ?
-Өөрөө жүжигчин болохыг мөрөөддөг гэж бидэнд ярьсан. Бид яг өөрийнх нь байгаа байдлаар жүжиглүүлэхгүйгээр тоглуулахыг зорьсон. Өөр хүний талаар биш чиний л талаар кино учраас гэж хэлж ойлгуулсан учраас асуудал бага гарсан. Өөрийнхөө амьдралыг л буцааж дахиад тоглосон гэсэн үг.
-Уран сайхны кино юм уу баримтат кино юм уу?
-Баримтат уран сайхны кино. Тэр хүний амьдрал нь өөрөө адал явдалтай учраас баримтат уран сайхны кино болсон гэж хэлж болно. Нэг цаг 5 секундийн кино болсон.
-Бүх IPTV-гээр гарч байгаа юм байна. Ямар үнээр түрээсэлж үзэх вэ?
-3000 төгрөгийн үнэтэй.
-Та бүхэн Осоржамаатай киноны талаар мэдээлэл задлахгүй гэж гэрээ байгуулсан уу. Гэнэт л кино бэлэн болсон талаар мэдээлэл цацагдаж эхэллээ шүү дээ?
-Ер нь бол тэгсэн. Гэхдээ нэг их нууцлалын гэрээсээд байх зүйлгүй. Киноны талаар л ярихгүй байхаар тохирсон.
-Танай “Наяд” фильм өмнө нь ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?
-Өмнө нь өөрсдийгөө сориод кино тэмцээнүүдэд оролцож байсан. Яг “Наяд” фильм нэрээрээ энэ киног анх хийж байна.
zaluucom.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ