МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр "Үндэстнүүдийн цом"-ын эздэд баяр хүргэлээ
Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос 2020 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохиосон "Үндэстнүүдийн цом" багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглон түрүүлсэн Монголын даамын эмэгтэй баг тамирчдыг өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын даамын холбооны удирдлагууд болон тус тэмцээнд амжилттай оролцсон өсвөр үе, залуу даамчид оролцлоо. Тэд “Үндэстнүүдийн цом” тэмцээнд эхний шатанд 11 орны бүсгүйчүүдтэй тойргийн журмаар тоглож, Недерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарчээ. Хасагдах шатанд БНХАУ-ыг 6:2, 8:0-ээр, ОХУ-ыг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм.
Улмаар аваргын төлөө Беларусийн багтай тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорсон билээ.
Монголын багийн бүрэлдэхүүн:
1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070
2. Энхболдын ХҮСЛЭН - Дэлхийн даамын холбооны мастер, 2070
3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН - Дэлхийн даамын холбооны мастер, 2041
4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023
5. Баатархүүгийн МӨНХЖИН - Дэлхийн даамын холбооны мастер, 2020
6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005
7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ - Дэлхийн даамын холбооны мастер, 2001
8. Баатархүүгийн АНУЖИН - Спортын мастер, 1989
СЭТГЭГДЭЛ БИЧИХ