Модон бөмбөгийн УАШ тэмцээн Багануур дүүрэгт болно

Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн 2020 оны есдүгээр сарын 12-13-нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх Цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр аймгуудын болон нийслэлийн 20 гаруй байгууллага, их, дээд сургууль, клубийн 100 орчим баг тамирчид оролцохоор мэдүүлгээ Монголын модон бөмбөгийн холбоонд (ММБХ) өгчээ.


Энэ удаагийн тэмцээн нь хоёр үндсэн төрлөөр буюу цохилтын төрөл ганцаарчилсан, баг, холимог хос, хосын ангилалаар болно. Харин талбайн цохилтын тэмцээнийг шилдэг тамирчдын хооронд ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй төрлөөр зохион байгуулна.


Тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбоо, Багануур дүүргийн ЗДТГазар, Багануур модон бөмбөгийн клубээс хамтран зохиож байна.



Энэ онд модон бөмбөгийн төрлөөр ямар нэгэн тэмцээн болоогүй учир тамирчид, сонирхогчид улсын аваргын тэмцээнд олноороо оролцох, спортын ур чадвараа сорин, спортын цол зэргээ ахиулан өрсөлдөхөөр хот, хөдөөд бэлтгэлээ сайтар хангаж байна. Тэмцээнд оролцогчдыг Спортын төв ордны 104 тоот өрөөнд есдүгээр сарын 11-ныг хүртэл өдөр бүр 09.00-18.00 цагт бүртгэх ба зөвхөн өөрийн цохиур, бөмбөгтэй тамирчин, сонирхогчид оролцох юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг 311947, 88198123 утсаар аваарай.


Монголын модон бөмбөгийн холбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ