ДЭМБ: Өөрийгөө тусгаарлах дэглэмээс зайлсхийх боломжтой
ЖЕНЕВ. /TASS/. Улс орнууд коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхдээ зорилтот, шалгарсан алхмуудыг зөв уялдуулан авч хэрэгжүүлбэл өөрийгөө тусгаарлах дэглэмийн арга хэмжээг дахин авч хэрэгжүүлэхээс зайлсхийх боломжтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Өөрийгөө тусгаарлах дэглэмийг тэрбээр олон улс оронд хүндхэн үр дагаварт шууд хүргэсэн хэрэгсэл гэж үзжээ. Тийнхүү зорилтот, шалгарсан алхмуудыг зөв хослуулснаар цаашид өөрийгөө тусгаарлах дэглэмээс зайлсхийх боломжтой гэж ДЭМБ-ын тэргүүн үзжээ.
Үүнтэй холбогдуулан тэрбээр "COVID-19" халдварт өвчинд тодорхой зорилгод чиглэсэн хариу авахын тулд мэдээлэлд суурилсан хандлагыг хэрэгжүүлж буй хэд хэдэн улс орны туршлагад анхаарлаа хандуулжээ. "Ингэх нь улс орнуудад аливаа шинэ голомтонд даруй арга хэмжээ авах бэлэн байдлаа хэвээр авч үлдэнгээ бага багаар, аюулгүйгээр нээгдэх боломжийг олгох юм" гэж Тедрос Аданом Гебрейесус хэллээ.
"Их-20" бүлгийн улсуудын гадаад хэргийн сайд нартай уулзах үеэрээ нийгэм, эдийн засаг, хилийг хэрхэн нээх асуудлыг хэлэлцсэн тухайгаа ДЭМБ-ын ерөнхий захирал мэдэгдэхийн сацуу олныг хамруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс зайлсхийх, халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжоор ард иргэдийг хангах, эрүүл мэндийг хамгаалах үндсэн асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг коронавирусээс хамгаалах зэрэг эн тэргүүний зорилтыг улс орнууд биелүүлэх шаардлагатайг онцолжээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ