Г.Амартүвшин: Хугацаагүй хадгаламжинд хүү төлөхийг болиулна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Зээлийн хүү бууруулах тухай яриа хэдэн парламент дамжсан сэдэв. Зээлийн хүү буурах нь иргэд болоод ААН-үүдэд мэдээж нэн таатай мэдээ. Өргөн баригдсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах” тухай УИХ-ын тогтоолын төсөлд ямар зүйл заалтууд тусгагдсан талаар ярилцлагаа эхэлье?


-“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах” тогтоолын төсөл байнгын хороодоор хэлэлцэгдээд явж байна.Энэхүү тогтоолыг зээлийн хүүг бууруулахад авах арга хэмжээний хураангуй гэж тайлбарлаж байгаа юм. Яагаад гэхээр шууд зээлийн хүүг бууруулна гэхээсээ илүү ямар хуулиудад нэмэлт өөрчлөлт орох ёстой, Монголбанкнаас ямар арга хэмжээ авах ёстой, арилжааны банкууд мөн ямар арга хэмжээ авах шаардлагатай зэргийг багцлаад тогтоол хэлбэрээр гаргасан. Ер нь зээлийн хүүгийн бүтцийг харах юм бол, зээлийн хүүгийн 60 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламж, 17 хувь нь банкуудын үйл ажиллагааны зардал, 11 хувь нь эрсдэлийн зардал зэргээс бүрддэг. Тиймээс бид эхлээд 60 хувь буюу эх үүсвэрийн зардлыг хэрхэн бууруулах талаар анхаарч байна. Хадгаламж эзэмшигчдэд нэг давуу тал үүсчихсэн байдаг. Тэр нь банкуудыг хооронд нь өрсөлдүүлээд аль болох өндөр хүүтэй банкинд мөнгөө хадгалуулж, хүү авдаг. Үүнийг хэрхэн зохицуулах талаар мөн тусгаж байна. Банкууд хоорондоо өрсөлдөж байж зээлийн хүү буурна. Дээрээс нь банкуудтай өрсөлдөх бусад хөрөнгийн зах зээлийн тоглогчид нэмэгдэх шаардлагатай.


Хөрөнгийн зах зээл дээр бараг 90 хувь нь банкууд байдаг. Үлдсэн 10 хувьд нь банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, янз бүрийн хөрөнгө оруулалтын сангуудын тоглогчид байна. Энэ арван хувийг илүү идэвхжүүлье гэх үүднээс банкуудтай өрсөлддөг болох хэрэгтэй гэх зарчим баримталж байна. Нэгдүгээрт, Монголбанк жижиг дунд бизнесийг дэмжихээр тусгай нөхцөлтэй буюу бага хүүтэй эх үүсвэр банкуудад олгохоор тогтоолд тусгагдсан. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд өөрийнхөө баланс дээр байгаа хэвийн зээлээ багцалж үнэт цаасжуулаад Монголбанкинд өгнө. Харин Монголбанк үүнийхээ оронд бодлогын хүү юм уу, бодлогын хүүгээс багахан дээгүүр эх үүсвэр өгч,арилжааны банкууд нь тэр эх үүсвэрээ цаашаа жижиг дунд бизнесүүдээ санхүүжүүлэх юм. Бодлогын хүү есөн хувь байхад есөн хувь дээр 3-4 хувийн маржин нэмээд 13 хувийн хүүтэй зээл болно. Ийм байдлаар жижиг дунд бизнесүүдээ дэмжих зүйл заалт тусгагдсан.


-Хөрөнгийн зах зээлд мөнгө оруулахаар манайд их эрсдэлтэй. Мөнгөө алддаг гэдэг. Үүнийг харгалзаж үзсэн үү?


-Би томоохон зарчмын зүйл ярьж байгаа. Бизнесүүд яаж өөрийгөө санхүүжүүлж байгааг авч үзье л дээ. Тэд банкинд очиж хамаг барьцаагаа өгдөг, эсвэл банк бус дээр очиж зээл авдаг. Угтаа бизнесүүд шууд хөрөнгийн бирж дээр бондоо гаргаад хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох боломж нь байх ёстой. Үүнийг СЗХ-нд үүрэг болгож хөрөнгийн зах зээлээ идэвхжүүл, тоглогчдоо нэм гэх ёстой.


Эх үүсвэр тал дээр хадгаламж эзэмшигчид аль болохоор өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Одоогийн байдлаар энэ нь банкны хадгаламж байна. Банкны хадгаламжийн хажуугаар бонд юм уу, эсвэл өөр шинэ төрлийн үнэт цаас гарч ирэхээр хооронд нь харьцуулж, заавал банкинд мөнгөө хадгалуулахгүй өөр хэлбэрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломж үүснэ.Түүнчлэн саяхан хүртэл банкууд харилцах данс дээр хүү төлдөг байсан. Үүнийг ковидтой холбоотой хуулиар болиулсан. Мөн нэмэлтээр хугацаагүй хадгаламж дээр хүү төлөхийг болиулах гэж байна.


-Хугацаагүй хадгаламж дээр хүү төлөхөө болихоор энэ төрлийн хадгаламж эрс буурах юм биш үү?


-Тэгж байж банкуудын өртөг нь буурна. Цаашлаад зээлийн хүү ч буурна. Харин хугацаатай хадгаламж дээр хүү төлдгөөрөө төлнө. Харилцах хугацаагүй хадгаламж дээр хүү төлөхгүй. Ханшийн тогтворгүй байдлаас шалтгаалаад харилцагчид их хэмжээний төгрөгийн хадгаламжаа ам.долларын хадгаламж болгож байна. Долларжих процесс явагдаад байна гэсэн үг. Үүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлахын тулд ам.долларын хадгаламжийн олсон орлого дээр илүү татвар төлдөг болъё гэх заалт тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яамтай хамтарч ажиллахаас гадна тодорхой хууль тогтоомжид өөрчлөлт орж таарна.


-Хөрөнгийн зах зээлд банкуудаас бусад салбарыг оруулахыг зорьж байна гэж дээр дурдлаа. Банкаас бусад салбарууд хөрөнгийн зах зээл дээр хэрхэн тоглогч болох боломж байна вэ?


-Банк бус санхүүгийн байгууллагын төлөөллүүд нэг зүйлийг хэлдэг. ББСБ-аар үйлчлүүлдэг ААН, иргэд банкин дээр очоод барьцаа хөрөнгө нь дутдаг, янз бүрийн шалгуурт нь тэнцэхгүй зээл авч чадалгүй хана мөргөдөг. Эдгээр ААН, иргэд ББСБ-аас зээл авдаг. ББСБ банкуудын үйлчилж чадахгүй байгаа харилцагчдад үйлчилж байна гэдэг. ББСБ-ын хүү яагаад өндөр байна гэхээр тодорхой хэмжээний бүтээгдэхүүний онцлог бий. Магадгүй шуурхай гэдгээрээ хүү нь өндөр байж болно. Гэхдээ дийлэнх ББСБ өөрийн хөрөнгөө эргэлдүүлж байгаа болохоор өртөг нь өндөр байдаг. ББСБ-ууд бирж, хөрөнгийн зах зээл дээр гараад бонд, хөрөнгө босгоод шинэ эх үүсвэртэй болвол түүнийгээ эргэлтэд оруулснаар зээлийн хүү буурна гэж тайлбарлаж байгаа.


Түүнээс гадна даатгалын компаниудын эрсдэлийн сан одоогийн санхүүгийн зохицуулах хорооны журмаар зөвхөн арилжааны банкууд дээр байрших боломжтой. Үүнийг аль болох хөрөнгийн бирж рүү байрших боломжийг нээе гэж байгаа юм. Тэгвэл ААН байгууллагууд, компаниуд банкуудыг алгасаад шууд даатгалын компани, эсвэл хувь хөрөнгө оруулагчдаас санхүүжилтийг босгох боломжийг гаргая гэж байгаа юм.


-Зээлийн хүүг хүчээр, огцом буулгах хууль баталбал хадгаламжийн хүү огцом буурна, хадгаламжийн хүү буурвал мөнгөө банкинд дэмий хадгалуулахыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Үүнд хариулт өгөөч?


-Нийт томоохон дүнтэй хадгаламжийн дийлэнх нь маш цөөхөн хүний гарт байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгөө өндөр дүнтэй байршуулж орлого олдог. Жижиг хадгаламж эзэмшигчдэд ямар ч нөлөө байхгүй. Томоохон хадгаламж эзэмшигчид банкуудыг хооронд нь өрсөлдүүлж, хэн өндөр хүү өгнө, түүнд мөнгөө байршуулдаг байдлыг хязгаарлах гээд байгаа юм. Аливаа зүйл бүгд л эерэг сөрөг талтай. Зээлийн хүү дарамт болж байна бууруул гэдэг, гэхдээ хадгаламжийн хүү буурах гээд байна гэдэг. Бүх л өрх, бизнесүүдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал зээлийн хүүгийн дарамт биз дээ. Зээлийн хүү манайд нэгдүгээрх асуудал, мөн үү. Мөн. Үүнийг шийдэх ёстой. Мөнгө ихтэй хүмүүс зарласан хүүгээр хадгалуулж болно ш дээ. Эсвэл хөрөнгийн зах зээл дээр шинэ хэрэгсэл гараад ирэхэд түүнд хөрөнгө оруулж болно.


-Мэдээж банкны эрсдэл гэх зүйл энд зайлшгүй сөхөгдөж таарах байх, тийм үү?


-Тийм. Банкны эрсдэл буюу муу зээл нийт банкны активын 11 хувь нь болчихоод байгаа юм. Миний хувьд банкны салбарт ажиллаж байсны хувьд банкны эрсдэл гэх зүйлийг сайн ойлгодог.Зарим зээлдэгч үнэхээр хүндрэлд ороод банктайгаа нөхцөлөө өөрчилж, графикаа шинэчлээд явдаг. Зарим зээлдэгчид зээлээ огт төлдөггүй. Шүүх дээр очоод шүүхдэлцээд барьцаа хөрөнгөөрөө хангуулъя гэхээр дөрвөн жилийн процесс болдог. Янз бүрийн байдлаар шүүхийн маргааныг сунжруулдаг, үүгээр бүр мэргэшсэн хуульчид, өмгөөлөгчид ажилладаг. Үүний хор уршиг нөгөө хэвийн зээлээ төлөөд явж байгаа иргэд, ААН-ийн нуруун дээр буудаг. Яагаад гэхээр шүүхэд банк зээл төлөхгүй байгаатай холбоотой гомдол гаргалаа гэхэд хүүг нь зогсоочихдог. Тэгэхээр дөрвөн жил ямар ч хүүгүй,өндөр зардалтай процесс болчихож байгаа юм. Банкуудад муу зээлтэй холбоотой тусгай активын алба, муу зээлийн алба зэрэг байдаг. Баахан бүтцийг санхүүжүүлж, хүмүүсийн цалин хөлс хуулийн маргаантай холбоотой зардал гардаг. Энэ зардлын эцсийн дүн энгийн зээлийн төлбөрөө цагтаа төлдөг иргэд, ААН-ийн нуруун дээр тохогдчихдог. Тэгэхээр аль болохоор 11 хувийн муу зээлийг багасгах тусам хуулийн процессийг богиносгож, хялбар хурдан болговол зээлийн эрсдэлийн зардал буурна. Энэ буурвал тодорхой хэмжээгээр зээлийн хүүнд ч нөлөөлнө.


-Манайд зээлийн мэдээллийн сан ямар байдаг гэж та хардаг вэ. Шинэчлэлт хийгдэх шаардлагатай юу?


-Монголбанк дээрх зээлийн мэдээллийн сангаас зээл хүссэн иргэдийн мэдээллийг авч өмнөх зээлийн түүхийг нь хардаг. Энэ бол маш энгийн болоод бүдүүлэг мэдээллийн сан. Барууныхны бүх зээлийн мэдээллийн сан нь боловсронгуй байдаг. Энэ сан нь мэдээллийг үндэслэж оноо өгдөг. 10 жилийн турш цалингийн зээл аваад зээлээ огт хоцроохгүй төлсөн бол зээлийн оноо өндөр байдаг. Өндөр байх тусмаа бага хүүтэй зээл авах боломжтой. Эрсдэлгүй зээлдэгчдэд бага хүүтэй зээл, эрсдэлтэй зээлдэгчдэд өндөр хүүтэй зээл олгодог тогтолцоо байдаг.


Манайд ийм зээлийн мэдээллийн сан байдаггүй. Тиймээс яаралтай зээлийн мэдээллийн сангаа Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтран илүү боловсронгуй болгох шаардлагатай. Маш хурдан оноо тооцдог болчихвол зээлдэгчдээ ялгаж, салгадаг болно. Одоо бүгд тэгш нэг хүү төлж байгаа. Мэдээж сайн ч, муу ч зээлдэгч бий. Тиймээс сайн зээлдэгч иргэд, ААН бага хүүтэй зээл авах боломж бүрдэх ёстой. Үүнийг мөн зохицуулахаар тогтоолдоо тусгачихсан.


-Зээлийн хүү хэзээ бодитоор буурах боломжтой вэ?


-Зээлийн хүү шат дараатай буурна. Тогтоол батлагдаад маргааш нь зээлийн хүү буурна гэсэн ойлголт огт байхгүй. Тогтоол баталснаар олон ажил хүлээж байгаа. Олон хууль дүрэм журам зохицуулалтыг хийж байж зээлийн хүү бууруулах орчин бүрдэнэ. Эдийн засгийн онолоороо ч бодит амьдрал дээр ч макро эдийн засаг нь тогтвортой, инфляци нь бага, гадаад валютын урсгал өндөр байх тусмаа зээлийн хүү эрчимтэй буурдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар гурван хувиар буурсан гэдэг нь ч үүнтэй холбоотой. Энэ орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар тогтоол дээрээ томьёолоод тусгачихсан. Макро эдийн засгийг хэрхэн дэмжих, экспортод чиглэсэн салбаруудаа мөн ямар замаар дэмжих зэрэг багтсан. Инфляцийг зургаан хувийн түвшинд барина. Гадаадын банкуудын зээл тусламжийн эх үүсвэрийг аль болох эрчимтэй татах арга хэмжээ ч тусгагдсан. Намрын чуулганаар банкны тухай хуульд шинэчлэлт өөрчлөлт орно. Үүнийг дагаад бусад банктай холбоотой хуулиудад ч өөрчлөлт орох байх.


Зээлийн хүү буурах асуудал зах зээлийн зарчмаараа л явна. Харин ААН-үүдэд зориулсан зээл дээр хүү илүү хурдан буурна байх. Яагаад гэхээр Монголбанк тодорхой хэмжээгээр эх үүсвэрийг нь өгөхөөс гадна зохицуулалтаа сайжруулна. Экспортод чиглэсэн төсөл болон ААН-үүдийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж тогтоолд тусгасан. Тэдний хувьд эргэлтийн хөрөнгөд зарцуулагдах зээлийн хүү, өртөг буурна. Харин хэрэглээний зээлийн хувьд эх үүсвэртэйгээ л холбоотой. Хэрэглээний зээл дээр одоогийн байдлаар банкны салбарын бүтэц, иргэддээ үйлчилдэг банкны зах зээлийг харах юм бол нэг банк нь хамаагүй давамгайлсан байдаг. Түүнтэй өрсөлдөх банкууд нь жижиг.


Энэ өрсөлдөөнийг шударга байлгахыг зорьж байна. Банкууд өрсөлдөж харилцагчдаа татах байдлаар хүүгээ бууруулна. Энэ мэтчилэн өрсөлдөөнийг дэмжих зүйл заалт ч бий. Банкуудын төлөөллүүдтэй уулзахад зээлийн хүүг бууруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Яагаад гэвэл өндөр хүү хэрэглэгч, зээлдэгчдээ санхүүгийн эрсдэлд оруулдаг. Саяхан Төрийн банк зээлийн хүүгээ бууруулж байгаагаа зарлалаа.



Б.Номин-Эрдэнэ 


Эх сурвалж: Өдрийн сонин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ