"Вакцинаар удаан хугацаанд коронавирусийн эсрэг дархлаа тогтох боломжгүй байж магадгүй"
Коронавирусийн халдвараар өнгөрсөн 24 цагийн дотор 280 мянган хүн шинээ өвчилж, 6,000 гаруй хүн энджээ.
Энэхүү халдварын талаарх зарим судалгаа шинжилгээ, авч байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны ажилтан Д.Нарангэрэл танилцууллаа.
- Европын оронд сургуулиудад 6-аас дээш насны хүүхдүүдэд зайлшгүй амны хаалт зүүх, хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгаарлах арга хэмжээ авч байна.
- Багш нар амьдралын шинэ хэв маягийн хичээл зааж байна. Гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, алсын зайнаас мэндчилэх аргуудыг онол болон дадлагаар үлгэрлэн заах хичээлүүдийг оруулж эхэлсэн байна.
- АНУ-ын зарим мужид хичээлээс гадуурх арга хэмжээг аль болох гадаад орчинд, 20-оос дээш сурагчийг оролцуулахгүй байх, ярилцлага, уулзалт хийхдээ хүн хоорондын зай буюу суудлыг 1-1.5 метрт байлгах арга хэмжээ авч байна.
- Хэрэв тухайн сургуульд өвчлөл гарвал сургуульд бүхэлд нь хол хорио тогтоож, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж байна.
- БНСУ-ын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-өөр хүүхдүүд ихэвчлэн хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байна. Гэхдээ 14-21 хоногийн хугацаанд бусад хүнд халдвар тараах нь өндөр байна гэдгийг тогтоож, өвчилсөн бага насны хүүхэд халдвар тараах эх уурхай болж байна гэжээ.
- Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар коронавирусийн үед биеийн дархлаа маш их идэвхжиж, дархлааны зарим үйл ажиллагаа өөрчлөлтөд орж байгаагаас болж уг вирусийн эсрэг дархлаа тогтоох үйл ажиллагаа маш хязгаарлагдмал бөгөөд тогтвортой дархлаа үүсэхгүй байгааг тогтоосон байна. Энэ нь цаашид вакцинаар удаан хугацаанд коронавирусийн эсрэг дархлаа тогтох боломжгүй байж магадгүй гэсэн дүгнэлт хийжээ.
- Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст эргээд халдвар авсан тохиолдлууд Сингапур, Европын орнуудад гарч байсан. Тэгвэл АНУ-д 25 настай өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусээр өвчилсний дараа дахин халдвар авсныг Невада мужийн судлаачид мэдээлсэн.
Ер нь дархлаагаа сайн байлгах, сэтгэлийн амар амгалан байх нь коронавирусийн халдварын энэ үед чухал байна. Гэлээ гэхдээ зарим оронд сүлжээний бүтээгдэхүүнээс илүү энгийн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжих хэрэгтэйг зөвлөж байна. Яагаад гэвэл дархлааг дэмжих хүчин зүйл нь танд байгаа учраас эрт амрах, дасгал хийх, агаар салхинд явах зэргээр өөрийнхөө хүчээр дархлаагаа дэмжих нь зүйтэй гэдгийг тэрбээр онцоллоо.
ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ