Спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчилтэй байдлыг цэгцэлнэ

МҮОХ-ны удирдлагууд Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж санал бодлоо солилцлоо.


Уулзалтанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.


Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр БТСУХ-той спорт олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд Монголын спортын салбарт тулгамдаад буй гол асуудлын нэг болох спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчил маргаантай байдлыг цэгцэлж, эв хүчээ нэгтгэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.


Мөн 2021 онд зохион байгуулагдах зуны олимпийн наадамд БТСУХ, МҮОХ хамтран баг тамирчидаа илүү хүчирхэгжүүлж, илүү чанартайгаар амжилт дүүрэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.


Харин Ц.Шаравжамц салбарын үйл ажиллагаанд зөвлөмж дэмжлэг үзүүлэх, хөгжлийг тодорхойлох чиг үүрэг бүхий хороо байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг онцлоод энэхүү хорооны гишүүнээр МҮОХ-ноос төлөөлөл оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ