Монголын дугуйн спортын лигийн тэмцээнд Б.Марал-Эрдэнэ тэргүүлэв
Монголын дугуйн холбооноос /МДХ/ шилдэг эрэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Цар тахлын үед уралдаан тэмцээн цөөрөөд буйг анзаарсан МДХ-ны дэд ерөнхийлөгч, “Монруд” клубийн тэргүүн Г.Анхбаяр уг тэмцээнийг санаачилсан байна.
Анхны лигийн тэмцээн ганцаарчилсан 25 км-ийн уралдаанаар эхэлж шилдэг 27 тамирчин, мөн хувийн дүнгээр 7 тамирчин оролцож ширүүн өрсөлдсөн юм. Энэхүү уралдаанд өнөө цагийн шилдэг тамирчид болох Азийн аварга Б.Марал-Эрдэнэ, дэлхийн залуучуудын аварга Б.Тэгшбаяр нар эрч хүч дүүрэн байгаагаа харуулав. "Аltius" багийн тамирчин, ОУХМ Б.Марал-Эрдэнэ 32 минут 19:86 секундийн амжилтаар түрүүлж, "Fortius" багийн ОУХМ Э.Болор-Эрдэнэ 32:47:16, "Citius" багийн ОУХМ Б.Тэгшбаяр 34:13:10 амжилтаар тус тус эхний гурван байрт шалгарлаа.
Лигийн сорилтын хоёр дахь өдөр багийн 50 км-ийн уралдаанд Т.Төгөлдөр дасгалжуулагчтай "Citius" баг 1 цаг 8 минут 27:82 секундийн амжилтаар тэргүүн байранд орлоо. Харин бөөн гараатай 105 км-ийн уралдаан Налайх-Хоолт-Зуунмод чиглэлд өрнөхөд Б.Марал-Эрдэнэ дахин аваргалж, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар удаалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ