Өнөөдрөөс тэтгэвэр нэмэгдэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан.
Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмж байгаа аж.
Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчилсэн байна. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм.
Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ. Тэтгэвэр нэмсэн тогтоолыг өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ