Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого улс орон даяар эхлээд тав хоног өнгөрч байна.

2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооллогын явц 82.5 хувьтай явагдаж буй бөгөөд тооллого энэ сарын 15-ны 22:00 цагт дуусна гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Улсын хэмжээнд 2,982 тоологч түр товчоодтой нийлээд 5,000 гаруй хүн анхан шатад ажиллаж байгаа аж.

Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх, суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. 

Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авах юм. Мөн тооллогын үндсэн үр дүнг 5-6 сарын хугацаанд боловсруулан гаргах юм. 

Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрсөн байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ