ХОМ-үүдийг АТГ, ТЕГ-аас хамтран шалгаж байна

АТГ-аас өнгөрсөн есдүгээр сард татварын албанд хамтрах санаачилга гаргаж сэжиг бүхий ХОМ-ийн эзний хөрөнгө, орлогыг хоёр талаас шалгаж эхэлсэн байна.

Хамтарсан шалгалтаар нийт 569.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Тодруулбал, АТГ-ын хүсэлтээр нэр бүхий мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтад тулгуурласан иж бүрэн хяналт шалгалтыг явуулсан байна.

Шалгалтаар Монгол Улсын Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт 569.345.754 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 3 аж ахуйн нэгж, байгууллагад 42.362.496 төгрөгийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ