ОУВС дэлхийн өрийн тухай

    Дэлхийн улсын болон хувийн хэвшлийн өр хамгийн их буюу 188 их наяд ам. долларт хүрснийг  Олон улсын  валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захирал Кристаллина Георгиева мэдээлжээ.

   Тэр  Жак Полакийн нэрэмжит бага хурал дээр үг хэлэхдээ, энэ нь дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 230% болж байгааг тодруулан тайлбарласан байна.
    Өрийн гуравны хоёр нь хувийн секторт ногдож байгааг бас тэмдэглэжээ.  Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш ийм үзүүлэлтэд хүрч байгаагүй аж. Улсын өр 1980-иад оноос дээд цэгтээ хүрсэн байна.
    Зээл авах санаа нь хүмүүс тарианы үр худалдан авахаар зээл авч,  сүүлд нь ургац хураасны дараа буцаан төлдөг байсан эрт дээр үеэс эхтэйг Георгиева онцлон тэмдэглэжээ. Өнөөгийн дэлхийд банкууд болон зээлдүүлэгчид ирээдүйн хөгжил цэцэглэлд хүрэхийн тулд энэ уламжлалыг үргэлжлүүлж байгаа юм гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ юугаар ч баталгаажуулаагүй зээлийн тэсрэлт нь  дэлхийн санхүүгийн хямралд хүргэсэн сөрөг талууд ч түүхэнд гарч байсан юм. 
Өрийн өнөөгийн үзүүлэлт нь  эдийн засгийн тогтвортой байдалд аюул учруулж байгааг Георгиева тэмдэглэжээ.  Санхүүгийн байдал эрс муудсан тохиолдолд олон засгийн газар, компани, гэр бүл эрсдэлийн бүсэд орно.
   Георгиева  худалдааны дайн, Европын холбооноос Их Британи гарч байгаатай холбоотой тодорхой бус байдал болон геополитикийн эрсдлийг орчин үеийн болзошгүй аюулд хамруулжээ.
     Болзошгүй асуудлаас зайлсхийхийн тулд зээлд илүү болгоомжтой хандаж, ингэхдээ хөрөнгө оруулалтад их найдлага тавих  хэрэгтэй гэсэн саналыг Георгиева тавьсан байна. Харин өрийн бодит байдал нь дээд зэргээр ил тод байж,  төрийн байгууллагууд үүнийг  хянаж байх ёстой.
    АНУ-д энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр ипотекийн өр 9,4 их наяд доллар болсноор, түүхэн дээд цэгтээ  хүрч, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын өмнөх үеийн  үзүүлэлтийг эвдсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ