Монгол залуугийн түүхээр “Nike”AirMax 1 загварын пүүз гаргана 201 Tweet
АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй монгол залуу хамтран ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл монгол хүний загварыг нь гаргасан “Nike Air Max 1” пүүз ирэх арван нэгдүгээр сарын 1-ээс 10-г хүртэл NIKE цахим хуудсаар худалдаанд гарах гэж байна.
“Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг. Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуу оролцжээ. “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэнг сонгосон байна. Ийнхүү тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны монгол хүн болжээ. NIKE-тай хамтрах нь түүний хамгийн том мөрөөдөл, зорилгуудын нэг нь байсан аж.
Энэ тухай Б.Тэмүүлэн “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike”-руу явуулсан юм. Хэзээ хариу гарахыг мэдэхгүй байсан. Нэг өдөр Instagram feed хараад байж байхад “Сонгосон хүмүүс рүү цахим шуудан явуулсан” гэснийг харсан. Мэйлээ шалгатал хариу ирээгүй байсан юм. Яагаад ч юм сонгогдчихсон совин төрөөд, спамаа шалгатал “Nike” гэсэн хаягнаас “Баяр хүргэе. Та хэдэн мянган хүн дундаас өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэг боллоо” гэсэн зурвас ирсэн байсан ” гэсэн юм.
Б.Тэмүүлэн пүүз бүтээх үйл явц маш хурдан өрнөснийг дурдав. Цоо шинээр пүүз урлах биш харин NIKE-аас өгсөн 5 загвараас сонгож, өнгө, материал болон гурван үсгээр түүх, санаагаа илэрхийлэх ёстой юм байна.
“Миний хүсэл зорилго орчин үеийн урлагийг хөгжүүлэх, түүнийг сурч цааш түгээх. Би нэг газраа удаан байж, нэг зүйлийг удаан хугацаагаар хийдэггүй. Нэг юм хийж байгаа ч түүнийгээ нэг хэвээр нь хийлгүй, үүнийг давчихвал цаана нь юу байгаа бол гэж үргэлж тэмүүлдэг. Тийм болохоор пүүзээндээ “Бадарчид” гэж нэр өгсөн. Англиар “Wanderers” гэж нэрлээд явуултал ийм нэртэй өөр гутал байна гэсэн. Одоо “Бадарчид” нэрийг нь шалгаж байна. Хариу хараахан ирээгүй байна” гэж ярьсан юм.
Ийнхүү Б.Тэмүүлэн алдарт “Nike” брэндтэй хамтран ажиллаж буй анхны монгол хүн боллоо. Тэрбээр хип хоп хөгжим, гудамжны урлаг, график дизайн, пүүз, хувцас загвар, урлаг соёл сонирхдог, АНУ-ын Лос-Анжелос хотод гэр бүлээрээ ажиллаж амьдардаг аж.
Эх сурвалж"Gogo.mn"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ