"Оюу толгой нь" ил уурхайн баяжмалын гарц III улиралд 28 хувиар буурчээ
“Rio Tinto”, “Turquoise Hill Resources” компаниуд III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. “Оюу Толгой”-ийн ил уурхайн баяжмалын гарц III улиралд 2018 оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар, өмнөх улиралтай харьцуулахад 27 хувиар буурсан талаар “Rio Tinto”тайлагналаа. Баяжмал дахь зэсийн гарц нь 28 мянга 500 орчим тонн, алтны гарц 25 мянга 600 гаруй унц болсон байна.
Зэсийн гарц дангаараа 27.8 хувиар, алтны гарц 66.8 хувиар тус тус буурчээ. Үүнд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа засварын ажилтай холбоотойгоор тасалдаж байгаа нь нөлөөлсөн гэж “Turquoise Hill Resources” мэдээллээ. 2019 онд тус компани нийт 125-155 мянган тонн зэс, 230 мянган хүртэлх унц алт бүхий баяжмал гаргахаар төлөвлөжээ. Уурхайн төлөвлөгөөний дагуу оны үлдсэн хугацаанд зэс, алтны агууламж буурах юм байна. Одоогоор гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа юм.
Чулуулгийн өвөрмөц тогтоцтой холбоотой техникийн хүндрэлээс болж анхны олборлолт эхлэх хугацааг 16-30 сараар хойшлуулж, хөрөнгө оруулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмж магадгүй гэж хөрөнгө оруулагч тал мэдээллээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгахын тулд Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтарч ажиллана гэж “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэллмэн хэллээ.
III улиралд “Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн нийлүүлэлт таван хувиар өссөн байна. Австралид циклон шуурганы улмаас тасалдаад байсан төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаа нь хэвийн болж, нийлүүлэлт нь III улиралд 86.1 сая тонн болж өсжээ. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан дүн боллоо. Тус компани орлогынх нь дийлэнх хэсгийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн гарцын төлөвөө өнгөрсөн зургаадугаар сард бууруулсан юм.
“Rio Tinto” тайлангаа танилцуулсны дараа Австралийн Хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 0.15 хувиар буурч, 90.46 австрали доллар боллоо. 2019 он гарснаас хойш Австралийн Хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 17 хувиар өсжээ. Харин гол өрсөлдөгчдийн нэг “BHP Group”-ийн хувьцаа найман хувиар өсөөд байгаа юм.
“Rio Tinto” компани Пилбарагийн уурхайгаасаа энэ жил 320-330 сая тонн төмрийн хүдэр нийлүүлнэ гэж тооцоолж байгаа аж. Мөн хөнгөн цагааны гарцын жилийн төлөвөө 7.7 сая тонн болгон өмнөх таамгаасаа бага зэрэг бууруулсан юм. Харин III улиралд хөнгөн цагааны гарц 2018 оны мөн үеэс гурван хувиар буурч, 0.8 сая тонн болсон байна. Эдгээрээс гадна III улиралд хайгуулд 177 сая ам.доллар зарцуулсан нь жилийн өмнөхөөс 62 хувиар өсжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ