“Ачит Ихт” ХХК таван жилийн хугацаанд 160 тэрбум төгрөгийн татвар төлжээ
Байгуулагдсан цагаасаа хойш улсын болон орон нутгийн төсөвт 160 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр”-т 10 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн, 220 гаруй хүнийг ажлын байраар хангасан “Ачит Ихт” ХХК таван жилийн ойн хүрээндээ “Эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгууллаа.
Ашигт малтмалын хуулийн дагуу үүсмэл ордын ашиглалтын анхны зөвшөөрөл эзэмшигч, бүтээгдэхүүнээ Лондонгийн металл биржийн гишүүнээр бүртгүүлсэн Монголын анхны компанийн нэг “Ачит Ихт” ХХК үүсмэл ордын насжилтыг уртасгах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК эрдэс баялгийг сорчлохгүйгээр ашиглах, хүрээлэн буй орчинд ээлтэй, шинэлэг технологийг нэвтрүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж Монголд анх удаа давуу эрхийн хувьцааг гаргалаа хэмээн тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг бага хурлын үеэр онцоллоо.
Тус компани Монгол Улсад анх удаа баялаг бүтээж байгаа ажилчиддаа үйлдвэрийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа гарган эзэмшүүлэх зорилгоор 2018 онд анхны ногдол ашгаа олгож байсан бол өдгөө дөрөв дэх улирлын ногдол ашгаа олгожээ. Ногдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.8 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй юм. Энэ нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их ажээ.
Таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Үүсмэл ордын ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга С.Сүхбат “Геологи уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, үүсмэл ордыг ашиглах нь” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн судлаач, эдийн засагч, докторант Ч.Отгочулуу “Зэсийн үйлдвэрлэлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Нийт есөн илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн юм.
“Ачит Ихт” ХХК 2014 онд “Эрдэнэт үйлдвэр”–ийн технологид тохирохгүй хуримтлагдсан балансын бус 2 дугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж катодын цэвэр зэс үйлдвэрлэн экспортод гаргадаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ