Манай улс 858.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авчээ
Энэ оны эхний есөн сарын байдлаарх эрдэс бүтээгдэхүүний импортын 84.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ хугацаанд 858.1 сая ам.долларын 1364.7 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 179.9 мянган тонноор, үнийн дүнгээр 43.4 сая ам.доллароор тус тус өсжээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 86.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.5 хувийг автобензин, 67.5 хувийг дизель түлшний импорт эзэлж байгаа юм.
397.2 мянган тонн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 78.2 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензиний импортын дундаж үнэ 702.1 ам.доллар байсан бол 2019 оны эхний есөн сард 599 ам.доллар болж 14.7 хувиар буурчээ.
Дизель түлшний импорт 824.2 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 193.8 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний есөн сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 656.4 ам.доллар байсан бол энэ онд 615.6 ам.долларт хүрч 40.8 ам.доллар буюу 6.2 хувиар буурсан. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.6 сая ам.доллароор нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ