Discover Mongolia уул уурхай, бизнесийн форум эхэллээ
Discover Mongolia уул уурхай, бизнесийн форум Шангри Ла зочид буудалд эхэллээ. Форумыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. форумыг нээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал үг хэлэв. Тэрээр Discover Mongolia форумыг геологи уул уурхайн талаарх бодит мэдээллийг түгээдэг, төр хувийн хэвшлийн хамгийн том түншлэл гэж тодорхойлов.
Тэрээр цааш нь өнөөгийн байдлаар Монголд хөрөнгийн зах зээл хөгжин, уул уурхайн төслүүд ч энэ зах зээлд хөл тавилаа. Бид нүүрс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрмэлзэлтэй. Ирэх 20-30 жилд уул уурхай манай эдийн засгийн гол зүтгүүр хэвээр байна. Иймд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Эрдэс баялгийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, хамтдаа хөгжихийг уриалж байна гэв.
Дараа нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү үг хэлэв. Тэрээр “Эрдэнэс Монгол”-ын дээвэрт багтдаг 15 компани жилд хэдий хэмжээний эрдэс олборлож байгааг танилцуулсан юм. Тус компанитай хамтран ажилласнаар Засгийн газрын бүх талын дэмжлэгийг авах боломжтой, эрх зүйн чадамжтай, шийдвэр гаргах үе шат нь шуурхай, компанийн засаглалыг сайжруулах төслүүд одооч үргэлжилж байгаа гэсэн юм. Иймд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны түнш хайж байгаа аж. Дэд бүтэц, технологидоо хөрөнгө оруулснаар олборлосон эрдсээ шууд худалдах биш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьжээ.
Хөрөнгө оруулагчдыг дараах төслүүдэд анхаарал хандуулахыг хүссэн юм:
Багануурын хүрэн нүүрсний орд
Асгатын мөнгөний орд, 127 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Алт цэвэршүүлэх үйлдвэр, 74 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Зэс хайлуулах үйлдвэр, 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ