“Япон, Монголын хөрөнгө оруулагчдын форум” боллоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувьд өнгөрч буй долоо хоногт Япон улсад айлчиллаа. Айлчлал уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, Японы парламенттай хамтын ажиллагаагаа өргөтгөх гэсэн хоёр хэсгээс бүрдэв.
Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж буй. Энэ цагаас хойш хоёр улсын харилцаа жил бүр ахиж, шинэ түвшинд гарсаар ирсэн. Энэ хугацаанд хоёр улсын гадаад харилцаа 600 сая орчим ам.доллар болжээ. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл харилцан адилгүй, Япон улсаас Монголын талд импортлох бараа бүтээгдэхүүний тоо бага боловч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Хоёр улсын гадаад худалдааны дийлэнхийг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, эсгийн урлал, хөнгөн цагаан тусгай зориулалтын машин, механизм, төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд Монгол Улс малын гаралтай түүхий эд, хөнгөн цагаан зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн экспортолдог юм байна.
Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцааны илгэлцэл суларсан, ялангуяа Монгол Улсын талаас сахилга муутай, хариуцлагагүй байж ирсэн ч сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр улсын харилцаа сайжирч байгаа гэдгийг энэ удаагийн айлчлалын үр дүнгээс харж болно гэдгийг албаныхан дүгнэж байлаа. Ялангуяа уул уухайн салбарт хөрөнгө оруулалт хийхээс эмээдэг япончуудын хувьд энэ удаад Токиод зохион байгуулагдсан “Япон, Монголын хөрөнгө оруулагчдын форум”-д оролцогчдын тоо нэмэгдсэнээс харж болохоор байлаа.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтын форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин болоод Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголыг сонирхож байгаагаа илэрхийлээд, тогтвортой, таатай хөрөнгө оруулалын орчин бий болгоход онцгой анхаарч буйг онцолж байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд ч хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулах боломж үргэлж нээлттэй байна гэдгийг форумын индэр дээрээс онцлон дурдсан юм.
Хөрөнгө оруулалтын форумд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, нийслэлийн Иргэдийн хурлын дарга Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото форумыг нээж үг хэлсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар илтгэл тавьсан юм.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүү:
Япон улсын хувьд эрчим хүчний салбарт маш их тусламж үзүүлснийг Монголын ард түмэн мэднэ. Одоо хөгжлийнхөө энэ харилцааг арай өөр шатанд гаргаж, харилцан ашигтай төслүүд хэрэгжүүлье. Уул уурхайн нөөц дээр суурилсан Японы өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр хамтран ажиллая гэдэг байдлаар төслүүдээ танилцууллаа. Бид гуйж явах биш, харилцан ашигтай төслүүд дээр хамтарч ажиллаач гэсэн саналаа тавьж байгаа юм. Тухайлбал, нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн болгодог өндөр технологийн үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байгаа юм. Энэ хүрээнд төслүүдээ танилцууллаа.
Бидний хувьд энэ удаад дөрвөн төсөл танилцуулсан. Тодруулбал, мөнгөний төсөл, нүүрс боловсруулах, зэс хайлуулах зэрэг төслөө танилцууллаа. Цаашид төслөө хэрэгжүүлэх, үр ашигтай болгохын тулд хоёр тал үе шаттай хамтарч ажиллах шаардлагатай. Зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтой гэдэг саналууд ч эхнээсээ гарч эхэлж байна.
Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх, хууль эрх зүй нь өөрчлөгдөөд байдаггүй, хадгалагдаж байх гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаагаа хөрөнгө оруулагчид онцолж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг зорилтот түвшинд хүргэхийн тулд эрчим хүч болон дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй охин компаниудыг ерөнхий удирдлагаар ханган, компаниудын засаглал, хөгжлийн стратегийн асуудлыг Засгийн Газрын бодлого чиглэлтэй уялдуулан ажиллаж байна. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх хүрээнд бид нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч байна.
“Эрдэнэс Монгол” ХХК эдийн засгийн шинэ салбар бий болгож, нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлж байна. Австралийн Жейд метан компанитай хамтран “Эрдэнэс метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр шийдлээ хүлээж буй агаарын бохирдлыг бууруулахад энэхүү төсөл чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм.
“Эрдэнэс Монгол” ХХК БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5,280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүллээ. Охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын “Sinosteel” компанитай хамтран нэмүү өртөг шингээх “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж буй нь манай улсын хувьд аж үйлдвэрийн цогцолборын эхлэл болохоос гадна гангийн экспортлогч болох ирээдүй хэмээн харж байна.
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ