"Эрчим хүчийг онилж байгаа нь “Дисковер”-ийн гол онцлог"
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.
-“Дисковер Монголиа” тун удахгүй болох гэж байна. Уг чуулга уулзалтаар мэдээж, уул уурхай, хайгуулыг онцолж таарна. Мөн метан, нар, салхины нөөц гэх мэт эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн тухай тусдаа салбар хуралдаанаар хэлэлцэнэ гэв үү?
-Тэгнэ. Ер нь “Дисковер Монголиа”-гийн зорилго маш тодорхой. Монголын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, шинэ төслүүдийг яаж эхлүүлж, хөгжүүлж, хэрэгжүүлэх вэ гэсэн өнцгүүдээр олон мэргэжилтэн цуглаж ярьж, хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалт талбар. Уул уурхай, тэр дундаа хайгуулын салбарын нарийн асуудлуудыг хөндөж, бодлогын ямар шинэчлэл хэрэгтэй вэ гэх мэт бүх л талаас нь харж ярина. Өөрөөр хэлбэл, бид асар их өрсөлдөөнтэй зах зээл дээр ажиллаж байна. Монголын геологийн бүтэц нөхцөл байдал хэдийгээр сайн ч бусад зүйлээрээ бид өрсөлдөж чадах эсэх тухайд маш олон асуулт бий. Зөвхөн уул уурхай ч биш, эрчим хүчний салбар мөн онцгой чухал. Эрчим хүчний шилжилт, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гээд бодит сэдвүүд байна. Бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр сүүлийн жилүүдэд гэхэд олон ажил хийгдсэн. Мөн нүүрсний давхаргын метаны хайгуулын төслүүд Монголд хэрэгжиж байна. “Дисковер Монголиа” чуулга уулзалтад метан хийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хайгуул эхлүүлчихсэн яваа компаниуд, энэ чигээр мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд ирнэ. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлснийг бүгд мэднэ. Газрын тосны хайгуул хийгдэж байна. Хөрөнгө оруулалт, шинэ төслүүдтэй уялдаатай учраас энэ талаар бас яриа хэлэлцүүлэг өрнөнө.
-Монголын говь сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй нь тогтоогдсон. Дэлхийн эрчим хүчний зах зээлд тоглогчдын нэг байх боломж бүрдсэн гэж ойлгож болох уу?
-Эдийн засаг тогтвортой өсөж тэлэхэд эрчим хүчний дэд бүтцээс гадна эрчим хүчний нөөцийн асуудал анхаарал татдаг л даа. Хорьдугаар зуунд газрын тос, байгалийн хийтэй улс орнууд олон улсын харилцаа, дэлхийн худалдаа, геополитикт хүчтэй нөлөөтэй оролцож ирсэн. Газрын тосны нөөцтэй улс орнууд олон улсын бодлого явуулах талбарт идэвхтэй, бодлогоороо нөлөөлөх чадвартай байсныг дэлхийн өнгөрсөн 50 жилийн түүхээс харж болно. Харин өнөөдөр байдал өөрчлөгдөж байна. Технологийн хөгжил, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, нөөц талаас харахад олон зүйл өөрчлөгдөж байна. Жишээ нь занар ашигласнаар АНУ дэлхийн нефть экспортлогч тэргүүлэх орны нэг болчихсон. Өнгөрсөн зууны далаад онд нефтийн хямрал болж, том эдийн засгууд бодлогын том өөрчлөлт, арга хэмжээнүүд авч эхэлсэн түүхтэй. Газрын тос, байгалийн хий гэдэг зүйлсээс хамаарах хамаарлаа хэрхэн багасгах вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажилласан. Түүний бодит үр дүн нь сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөдрийн хөгжил. Сэргээгдэх эрчим хүч хөгжиж явсаар өнөөдөр шинэ технологи нэвтэрсэн, эдийн засгийн чухал салбар болчихлоо. Нар, салхины эрчим хүчийг аваад үзэхэд л тодорхой. Хорь, гучин жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн. Байнгын өсөлттэй яваа. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн судалгаагаар сэргээгдэх эрчим хүч өнөөдөр дэлхийн цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын гуравны нэг болж өссөн байна. 2018 онд л гэхэд 171 гигаваттаар нэмэгдэж, жилдээ 7.9 хувийн өсөлттэй байна. Эрчим хүчний аюулгүй байдлаа улс орнууд өөрсдийнхөө нөхцөл байдлаас хамаарч олон аргаар хангадаг. Ингэж хангахын тулд технологийн дэвшлийг түлхүү ашигладаг болж. Энэ нь улс хоорондын харилцаа, хамаарлыг нэлээд өөрчилж байгаа. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй гэдэг нь олон судалгаагаар тогтоогдчихсон. Яах аргагүй том давуу тал.
-Эрчим хүчин дээр сэргээгдэх эрчим хүчний том нөөцтэй улсуудад илүү боломж нээгдээд байх шиг. Сэргээгдэх эрчим хүчний технологийн хурдтай хөгжил энэ боломжийг тэлээд байгаа анзаарагдах юм…?
-Та зөв анзаарсан байна. Газрын тос, байгалийн хий тодорхой орнуудад л байдаг, бусдад нь байдаггүй учраас нөөцгүй орнууд нөөцтэй улс орноос шууд хамаардаг гэж түрүүн хэлсэн дээ. Харин нар, салхины хувьд хаа сайгүй бий. Өнөөдөр гэхэд л далайн эргээр хүртэл салхины станцууд барьж байна. Сүүлдээ далайн усан дээр хүртэл нарны станцууд барьж эхэллээ. Эрчим хүчний хангамж гэдэг асуудлыг нэлээд өөр болгож байгаа хэрэг л дээ. Монгол ч гэсэн тэр технологийн өөрчлөлт, дэвшлүүдээс хоцрохгүй яваа. Шинэ технологи ашиглаж, сурч, цаашид экспортолно гэж алсыг харж байна.
-Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэж бүс нутгийн улсууддаа том экспорт хийнэ гэж амбицалж яваа нь манай том давуу тал. Азийн супер сүлжээ гэдэг тодорхойлолт хүмүүст их ойр буудаг. Бүс нутгаа сэргээгдэх эрчим хүчээр хангах агуулгатай том санаачилгын явц хэр ахицтай байгаа вэ?
-Ахицтай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын эхээр Владивостокт болсон Дорнын эдийн засгийн тав дахь форумд оролцож үгээ хэллээ. Монгол улс өөрийн дэвшүүлсэн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдааг эрчимжүүлэх, цахилгаан дамжуулах сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих талд сүүлийн жилд нэлээд ажил хийж байна. Бусад улс орнуудтай байнга яриа хэлэлцээ өрнүүлж яваа.
Манай бүс нутагт эрчим хүчний дэлхийн дөрвөн том хэрэглэгч байна. Хамгийн том нь гэхэд л Хятад улс (жилдээ 7,000 тераватт цаг цахилгаан хэрэглэдэг, суурилагдсан хүчин чадал 1.9 тэраватт хүрсэн). ОХУ, Япон, Өмнөд Солонгос гээд том хэрэглэгчид мөн манай бүс нутагт бий.
Эдгээр зах зээлд хамгийн хямд, найдвартай цахилгааныг үйлдвэрлэж борлуулах боломжтой гэсэн судалгааныхаа үр дүнг Ерөнхийлөгч дурдсан. Гурван Ерөнхий сайд, хоёр Ерөнхийлөгч оролцсон хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулгаас энэ талаар тодруулж байсан. Бүс нутгийн эрчим хүчний тал дээр Монгол улс нэлээд идэвхтэй ажиллаж байна, тэр дундаа шинэ эрчим хүчний нөөцийг ашиглах тал дээр хүчин чармайлт гаргаж яваагаа онцолсон. Манай улсын тухайд эрчим хүчний дотоодын хэрэглээгээ найдвартай болгох шаардлага мэдээж бий. Үүн дээр тодорхой хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнээс гадна экспортын зах зээлүүдтэйгээ шууд харилцаж хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүний нэг жишээ нь сая ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар “Эрдэнэс Монгол” компани Оросын “Россети” компанитай эрчим хүчний экспортын чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо.
-Азийн супер сүлжээ санаачлагад Монгол Улс идэвхтэй байна гэж бүсийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн гэж ирээд яривал бодитой ахицууд байгаа юм байна шүү?
-Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдааг эрчимжүүлэх, цахилгаан дамжуулах сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих санаачилгад Монгол Улс хамгийн идэвхтэй байна гэж олон улсын том талбарууд дээр үнэлэгддэг болсон нь бодитой үр дүн. Цаашид бодитой төсөл хэрэгжүүлэхийн тулд олон улсын зах зээл, эдийн засаг, технологи, эрчим хүч гээд бүх чиглэлд стандартынх нь дагуу судалгаанууд хийж байгаа. Эхнээсээ урьдчилсан үр дүн нь гараад, дараагийн шат руугаа орж байна. Гол зорилго нь ойлгомжтой. Монгол улс эрчим хүчний хангамжийн хувьд бусдаас хамаардаг биш, харин бусдадаа эрчим хүч экспортолдог орон болох гэж зорьж яваа.
-Эрчим хүчин дээр нүүрсний нөөц өндөртэй гэсэн том давуу тал бий. Эрчим хүчний нүүрсний хувьд шинэ боломж нээгдэх өнгө байна уу?
-Нүүрсний нөөц өндөр гэдгийг хүн бүр мэднэ. Төмөр замын төслүүд хэрэгжээд эхэлчихлээ. Яваандаа коксжих нүүрснээс гадна хүрэн нүүрсэн дээр ч шинэ боломж нээгдэх байх.
-Нүүрсний давхаргын метаны хайгуулын төслүүд амжилттай болбол эрчим хүчний бас нэг шинэ эх үүсвэр болох байх…?
-Тэгэх байх. Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын тодорхой амжилттай болбол бид дотооддоо хийн нөөцтэй болно гэсэн үг. Манай цахилгаан эрчим хүчний систем их жижиг. Оргил ачааллын үед маневр хийж чаддаггүй учраас хойд хөршөөс эрчим хүч импортолдог. Энэ асуудлыг зохицуулах технологийн нэг шийдэл нь хийн буюу газ турбин ашиглах. Өөрөөр хэлбэл, газаар ажилладаг цахилгаан станц. Хайгуулын төслүүд амжилттай болбол ийм станцууд барьж байгуулах боломжтой болж магад. Тэгвэл манай систем улам найдвартай болох боломж бий.
-Эрчим хүчний дотоодын эх үүсвэрээ ийм шийдлүүдээр бүрэн шийдчихээд сэргээгдэх эрчим хүч экспортлоод эхэлбэл бүс нутагтаа нөлөөтэй тоглогч байх боломж бүрдэх нь ээ. Ингэхэд бүс нутгийн том эдийн засгуудын хувьд сэргээгдэх эрчим хүч худалдаж авах сонирхол нь хэр байна вэ?
-Та бид хоёрыг яриад сууж байхад Өвөр Монголд шинээр зургаан гегаваттын салхин станцын төслийг хэрэгжүүлээд эхэлчихсэн яваа. Хятадын зах зээл ирээдүйдээ эрчим хүчний хэрэглээний хувьд хамгийн цэвэр зах зээл болно гэж зорьж байгаа. Солонгос улс гэхэд эрчим хүчний аюулгүй байдлаараа бусдаас 100 хувь хамааралтай. Тэд ирээдүйд цахилгаан эрчим хүч импортолбол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс л авна гээд бодлогоо гаргачихсан. Тэгэхээр бидний хувьд боломж улам бүр сайжраад байна.
-Сэргээгдэх эрчим хүчний хувьд яагаад заавал Монголоос гэж, өөр улсаас авчих юм биш үү гэсэн эргэлзэнгүй байр суурь дуулддаг. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?
-Бүс нутгийн улс орнууд Монголыг сонирхоод байгаа нь тодорхой шалтгаануудтай. Газар зүйн байршлын хувьд давуу талтай. Нөөц өндөр учир хамгийн хямдаар үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан. Түүнээс биш Монголд хайртай дуртайдаа биш л дээ.
Судалгаагаар нарны нөөц нь 1.2 тераватт, салхи 200 гигаватт гэсэн тооцоо гарсан. Газар зүйн байршлын хувьд Хятадын баруун хэсэгт шинэ станц барих уу, Монголд босгох уу гэхэд л Монголд станц бариад экспортолбол илүү хямдаар тусах эдийн засгийн тооцоолол бий. Ийм шалтгаанаар сэргээгдэх хүчний экспортын ирээдүйг Ерөнхийлөгч, Засгийн газар дэмжиж байгаа.
“Дисковер Монголиа” дээр энэ асуудлыг онцолж ярилцах гэж байгаа нь ч ийм учиртай. Зөвхөн уул уурхай, хайгуулыг биш ийм далайцтай том сэдвүүдийг хөндөх нь энэ удаагийн “Дисковер Монголиа”-гийн бас нэг том онцлог.
-Метан, сэргээгдэх эрчим хүч гэх эдийн засгийн шинэ төслүүдэд тулгарч байгаа сорилт гэвэл та юуг онцлох вэ?
-Эдийн засгийн ийм шинэ төслүүдийн тухайд тодорхой сорилтууд бий. Түрүүн хэлсэнчлэн хөрөнгө мөнгө Монголдоо татах гэж бусад зах зээлтэй байнга өрсөлддөг. Геологи, газар зүйн хувьд сайн нөөцтэй ч татварын үе шатлалууд нь өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Энэ бүхнийг “Дисковер Монголиа” дээр онцолж ярина. Өнгөрсөн жилийн “Дисковер Монголиа” дээр яригдсан нэг өнцөг бий. Монголыг хамгийн бага татвартай улс гэж ярьдаг, гэхдээ аливаа шинэ үйлдвэр барьж байгуулахад орлого олж эхлэхээс өмнө оруулсан хөрөнгө оруулалтынх нь 30 гаруй хувиа татвар, төлбөрт төлдөг бодит асуудал хөндөгдсөн. Тэгэхээр татвар, төлбөр гээд бүх зүйлийг цогцоор нь харахаас аргагүй байгаа. Ингэж цогцоор нь харж байж өрсөлдөх чадвартай эсэхийг тодорхойлж бодлогоо сайжруулдаг. Хөрөнгө оруулж байгаа хүн хууль дүрмийн дагуу татвар хураамжаа төлөөд явна. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад ямар төвшинд яваа вэ гэсэн асуултын хариу маш чухал. Үүн дээр хийгдсэн нарийн тооцоо судалгаа “Дисковер Монголиа”-гийн үеэр яригдах байх.
-Монголоос Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудад сэргээгдэх эрчим хүч экспортлох төслийн сүүлийн үеийн мэдээ, судалгаа Боаогийн форумын үеэр бас онцолж яригдсан. Геологи хайгуулын чиглэлд хөрөнгө оруулдаг хүмүүст гэхэд л Монголын геологийн тогтоц том боломж гэж харагддаг. Монгол Улсын хувьд боломжоо ашиглахын тулд яах ёстой вэ?
-Монгол газар зүйн хувьд далайд гарцгүй орон. Сүүлийн үеийн янз бүрийн судалгаанаас харахад land bridge буюу газар дээрх гүүр гэсэн ойлголт гарч ирж байна. Том эдийн засгуудын дунд учраас өөр салбаруудад өрсөлдөх чадвартай, боломжтой гэж дэлхий биднийг хардаг. Тэр утгаараа Монголд боломж байсаар байгаа. Мэдээж хүндрэлүүд бий ч боломж нь илүү өндөр. Гадна дотны хөрөнгө оруулагч, мэргэжилтэн, шинжээчид цуглаад Монголд ярилцаад явдаг уламжлал тогтсон, тэр нь “Дисковер Монголиа”. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ арга хэмжээг дэмжиж ажиллаж байгаа. Товчхондоо олон улсын стандартаа бариад явбал бидэнд олон боломж бий. Зовлонгоо тоочоод суугаад байвал мэдээж хэцүү. Өрсөлдөгч олон байгаа гэж түрүүн хэлсэн дээ. Бусдад боломжоо алдах магадлал өндөр.
Ж.ЭРХЭС
Эх сурвалж : News.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ