Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны 100 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурж баталлаа.
Уг хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон олгож буй төсвийн дэмжлэг юм.
Тус Хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 120.0 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 12 дугаар сард улсын төсөвт орж ирсэн бол хоёр дахь шатны төсвийн дэмжлэг болох 100.0 сая ам.долларыг Дэлхийн банк болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлж байна.
Хөтөлбөрийн хоёр дахь үе шатны санхүүжилт нь төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэлбэр, бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Мөн нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэгт илүү, оновчтой чиглүүлэх замаар эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийг дэмжих зэрэг бизнес, худалдааны орчныг сайжруулах арга хэмжээ болон малын эрүүл мэндийн удирдлагыг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход анхаарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ