Алтны үнэ сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан, дэлхийн томоохон орнуудын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хандлагатай, геополитикийн эрсдэлээс үүдсэн тодорхой бус байдал зэргээс шалтгаалан эрсдэл багатай хөрөнгө оруулалт руу хошуурч байна.
Ингэснээр алтны үнэ 2019 онд нийт 17 хувиар өсч, 1500 ам.доллар/унц-д хүрсэн нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хүснэгт 1. Алтны үнэ, үнийн өсөлт /2019/
|
Алтны үнэ |
Үнийн өсөлт /QoQ/ |
Үнийн өсөлт /YoY/ |
2018Q4 |
1282 |
7.6% |
-1.5% |
2019Q1 |
1292 |
0.8% |
-2.5% |
2019Q2 |
1409 |
9.1% |
12.5% |
2019.07.31 |
1413 |
10.1% |
15.4% |
2019.08.29 |
1527 |
16.9% |
27.1% |
Эх үүсвэр: Блүүмберг
Үнэ сүүлийн хоёр сард огцом өсөхөд голлон нөлөөлсөн хүчин зүйлс болон онцлох үйл явдлыг дараах дүрслэлд харуулан, дэлгэрэнгүй байдлаар тайлбарлав.
• 2019/06/11
-АНУ Мексик Улсаас импортолдог бараа, бүтээгдэхүүнд 5%-ийн тариф ногдуулах шийдвэр 6-р сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр хүлээгдэж байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч тарифын арга хэмжээг цуцалснаа мэдээлж, зах зээлд эерэг хүлээлт үүссэнээр алтны эрэлт тодорхой хэмжээгээр буурсан.
• 2019/06/20
-АНУ-ын ХНБ-ны Холбооны нээлттэй захын зөвлөлийн 6-р сарын 18-19-нд болсон ээлжит хурлаар бодлогын хүүг 2.5%-д хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Мөн уг хурлаар нэгэн тодорхой дохиог өгсөн нь ХНБ бодлогын хүүгээ хамгийн багадаа 25 суурь нэгжээр бууруулахад нээлттэй буйг илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ тус улсын инфляц 5-р сард жилийн дүнгээр 1.8%-тай гарч зорилтот түвшин 2%-д хүрээгүй, шинэ ажлын байрны тоо төсөөллөөс доогуур байгаа зэрэг нь эдийн засгийн идэвхжил саарч байгаагийн том дохио хэмээн шинжээчид үзэж байгаа бөгөөд бодлогын хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн дохио болов.
• 2019/06/25
-Иран Улс болон АНУ хоорондын харилцаа огцом муудаж, Ойрх Дорнодын аюулгүй байдал хүндэрсэн, Их британийн шинэ Ерөнхий сайд хэн болох нь тодорхой бус, Хонконг хотод эх газар луу хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн том хэмжээний бослого гараад байгаа зэрэг үйл явдлууд дэлхий дахинд геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлж алтны ханш огцом өслөө.
• 2019/07/01
-6-р сарын 28, 29-ний өдрүүдэд болсон “ИХ 20”-ийн уулзалтаар худалдааны маргаанд нааштай үйл явдлууд болж, сүүлийн саруудад уналттай байсан хөрөнгийн зах зээлд сэргэлт гарч эхлэв. Учир нь уулзалтын үеэр д.Трамп болон Ши Жинпин нар худалдааны маргааны талаар хэлэлцэн, хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхээр болсон. Үүний хүрээнд анУ-ын зүгээс Huawei-д тавьсан хоригоо цуцлах, нэмж $325 тэрбумын бараанд тариф ногдуулахгүй байхаар тохиролцов. Хариуд нь бБНХАУ АНУ-аас импортлох хүнсний ногооны худалдааг дэмжихээ мэдэгдэв.
• 2019/07/18
-Иран Улсын дроныг АНУ-ын байлдааны хөлөг онгоц буудан унагааж, Иранд үүсээд буй нөхцөл байдал улам даамжирч газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэн. ХНБ бодлогын хүүг 7 дугаар сарын эцсийн хурлаар 50 хүртэл суурь нэгжээр бууруулах хүлээлттэй байсан. Улмаар АНУ-ын мөнгөний бодлого цаашид сулрах, ам.долларын ханш буух нөхцөл байдал үүсээд байлаа.
• 2019/07/31
-ХНБ 7-р сарын 30-31-ний өдрүүдэд болсон нээлттэй захын зөвлөлийн хурлаар бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр буурууллаа. Энэ нь 2008 оны их хямралаас хойш бодлогын хүүгээ буулгаж байгаа анхны тохиолдол юм. гэсэн хэдий ч цаашид мөнгөний зөөлөн бодлого үргэлжлэх талаар тодорхой чиглэл өгөөгүй нь мөнгөжсөн алтны үнэ буурахад нөлөөлөв.
• 2019/08/01
-Шанхай хотноо хоёр орны төлөөлөгчид худалдааны маргааны асуудлаар ээлжит уулзалтыг 7-р сарын 31-нд хийв. Уг уулзалтын дараагаар Трамп БНХАУ-аас импортлох 300 тэрбум ам.долларын бараанд нэмэлт 10%-ийн татварыг 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар болоод байна. Учир нь БНХАУ “ИХ 20”-ын уулзалтын үеэр АНУ-аас импортлох хөдөө аж ахуйн барааны худалдааг дэмжинэ гэсэн тохиролцоондоо хүрээгүй, мөн хэлэлцээрийн нөхцөлийг дахин хэлэлцэх хүсэлт тавьсны улмаас уг шийдвэрийг гаргах болсон хэмээн мэдэгдлээ.
• 2019/08/07
-Хятадын ардын банкнаас юанийн ам.доллартай харьцах ханшийг 7-гоос хэтрүүлэлгүй хатуу барьдаг байсан БНХАУ-ын эрх баригчид ханшийг суллаж, зориудаар унагасан нь сүүлийн 11 жилийн түүхэнд анхны тохиолдол боллоо. Ингэснээр БНХАУ-ын тарифын арга хэмжээнээс үүдэн экспортод ирэх дарамтыг бууруулж байна. Энэ явдлыг Трамп харахдаа Хятадууд юанийн ханшаар тоглож, “currency manipulator” буюу валютын ханшийг удирдах замаар гадаад худалдаанд өөртөө давуу тал бий болгох гэж байна хэмээн мэдэгдсэн. Ингэснээр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унаж, энэ оны хамгийн доод хэмжээндээ хүрсэн бол алтны ханш огцом өсөхөд нөлөөлөв.
• 2019/08/13
-Хонконг Улсад 10 долоо хоногийн турш өрнөж буй жагсаалын байдал хүндэрч, олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг бүрэн зогсооход хүрэв. мөн Аргентин Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн үр дүн урьдчилан таамаглаж байснаас өөр байсан нь эдийн засагт цочроож, хувьцааны зах зээл 30 хувиар буурсан, үндэсний мөнгөн тэмдэгт песо 36 хувиар суларсан зэрэг сөрөг үр дүнд хүргэв. Уг эрсдэлд нь алтны үнэ сүүлийн 6 жилийн дээд хэмжээнд хүрч өсөхөд голлон нөлөөлөв.
• 2019/08/14
-АНУ-ын Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын 265 тэрбум ам.долларын бараанд импортын нэмэлт тариф ногдуулахаар шийдвэрлэсэн байсан боловч 156 тэрбум ам.доллартай тэнцэх электрон бараа, тоглоом зэрэг зарим барааны хувьд тус нэмэлт татвараа хойшлуулан, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдэв. Учир нь уг гэнэтийн шийдвэрээс шалтгаалан БНХАУ-аас бараа импортолдог АНУ-ын компаниудад их хэмжээний хохирол үүсэх өндөр магадлалтай байсан. Иймд худалдааны компаниудын хамгийн идэвхтэй улирал буюу баярын улирлыг тооцоолон худалдааны тарифын арга хэмжээг түр хугацаагаар хойшлуулаад байна. Худалдааны маргааны хурцадмал асуудал түр хугацаанд шийдэгдсэнээр алтны ханш эргэн буурч эхлэв.
Томоохон орнуудын хооронд гадаад худалдааны асуудал үүссэн, улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн, геополитикийн тодорхой бус байдал хадгалагдсаар байгаа зэрэг эрсдэлийг тооцоолон зах зээлд оролцогчид өндөр эрсдэл хүлээж байгаа учир алтны эрэлт нэмэгдэж, ханш өсөх хандлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ