Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд тайлангаа танилцуулж эхэллээ

   Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд өнөөдрөөс эхлэн хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна.

Тухайлбал, өнөөдөр “Монгол базальт” болон “АПУ” ХК танилцуулах бол маргааш “Ард санхүүгийн нэгдэл”, болон “Ард даатгал”, наймдугаар сарын 9-нд “Түмэн шувуут”, “Говь” ХК тайлангаа тавина. Ирэх долоо хоногт “Мах импекс”, “Талх чихэр”, “Сүү”, “Тавантолгой”, “Монгол шуудан”, “Мик холдинг”, “Дархан нэхий” зэрэг томоохон ХК-иуд хуваарийн дагуу тайлангаа танилцуулах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Дээрх компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийг Монголын Хөрөнгийн биржийн байранд ирж, компаниудын хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэлтэй танилцахыг зөвлөжээ.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, компанийн засаглалын кодексын хэрэгжүүлэх үүднээс хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй, илтгэл хэлбэрээр танилцуулдаг. Энэ ажлыг Монголын Хөрөнгийн бирж 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 80 гаруй ХК хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ