Нийгмийн даатгалын сангийн орлого 17.8 хувиар өсчээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний хагас жилд 1359.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 205.3 тэрбум төгрөг, зарлага 1177.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 127.1 тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 205.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 170.1 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Зарлага нь оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 127.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 110.8 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 11.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэ оны зургаадугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 257.8 тэрбум, зарлага 205 тэрбум болж, өмнөх сараас орлого 14.2 тэрбум төгрөгөөр, зарлага 4.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас оны эхний хагас жилд 377.3 мянган хүнд 143.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 204.9 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 72.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.6 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт оны эхний зургаан сард 54.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1037-оор буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 8.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт оны эхний хагас жилд 54.8 мянган хүн хамрагдсаны 68.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 4.9 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж. Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний хагас жилд 92.2 мянган хүн хамрагдсаны 58.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 41.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний хагас жилд 34.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.1 тэрбум төгрөгөөр өссөн аж.
Энэ оны зургаадугаар сард 18 хүртэлх насны 971.4 мянган хүүхдэд 110.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ