Ирэх онд манай эдийн засаг 6.1 хувиар өснө

Жил бүр Азийн хөгжлийн банкнаас гаргадаг эдийн засгийн шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засаг 2019 онд 6.1 хувиар өсөх төлөв гарчээ.

Энэ нь Азийн хөгжлийн банкны 2018 оны дөрөвдүгээр сарын тайланд 2019 онд 4.3 хувиар өснө хэмээн тооцоолж байсныг давсан үзүүлэлт болжээ.

Уг үзүүлэлт нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн , өрхийн зээлолголт нэмэдсэнээс хэрэглээ өссөнтэй холбоотой аж.

“Эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа” гэж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Өрхийн зээл олголт эрс нэмэгдснээс сүүлийн жилүүдэд иргэдийн бодит хэрэглээ таамгийг давсан. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаагийн зэрэгцээ нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Эдийн засгийн зарим хүчин зүйлд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, тус улсад хэрэгжиж буй макро эдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал хэмээн үзэж байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн онцлов.

Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж болсоор байгаа хөрөнгө оруулалт нь ДНБ-ний 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоорхэрэглээ нь ДНБ-ний 3.9 хувийг бүрдүүлжээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт нийт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлөв. Нийлүүлэлтийн хувьд, уул уурхайн салбарын сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээг 2.1 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол үйлчилгээ 3.7 нэгж хувийн өсөлтийг бий болгов. Зарим газар гантай байснаас малын тоо толгой хорогдсон тул хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болж буурсан байна.

Төсвийн зарлагаас үлэмж давсан орлогын нөлөөгөөр оны эхний хагаст нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 2.8 хувьтай тэнцжээ. Импорт 32.7 хувиар буюу экспортын 15.7 хувийн өсөлтөөс илүү эрчимтэй өсч урсгал дансны алдагдал оны эхний хагаст ДНБ-ний 10.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдсэн байна.Оны эхний наймдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан ч худалдааны жингээр тооцсон болон инфляцын тохиргоо хийсэн дүнгийн аль алинаар нь худалдааны гол түншүүдийн мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан байна.

Инфляцийн түвшин 2018 оны эхний хагасын байдлаар 6.5 хувиар өсөөд байгааг зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт мөн нөлөөлсөн хэмээн үзэж байна. 2016 оны ханшийн уналтын нөлөө суларч буйг, мөн түлшний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар түлшний онцгой татварыг цуцалсны араас нэмэлт арга хэмжээ авч болзошгүй байгааг харгалзан 2018 оны инфляцийн таамгийг доошлуулан тодотгов.

Хүлээлтийг давсан эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр импорт өсөх, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд ихэнх ашгаа буцаан хөрөнгө оруулах ч нилээдгүйг гадагш шилжүүлэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2018 оны урсгал дансны алдагдал нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ