Даатгалын компаниудын нөөц сангийн хэмжээ өсчээ

Даатгуулагчийн хураамжийн тодорхой хэсгээс бүрддэг нөөц сангийн хэмжээ энэ оны 2 дугаар улиралд 135.5 тэрбумд хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Даатгалын бүтээгдэхүүн борлуулалтаас бүрддэг энэхүү нөөц сангийн бүрдүүлэлт, ашиглалттай холбоотой харилцаа Даатгалын тухай хууль болоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу явагддаг. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс нөөц сан нь даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг хангахуйц хэмжээнд байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хяналтын үйл ажиллагааг тогтмол явуулж байдаг.

Энэхүү даатгалын нөөц санд хуримтлагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг даатгалын компаниуд холбогдох хууль, журмын дагуу нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд ашигладаг. Түүнчлэн нөөц сан хэлбэрээр хуримтлагдсан хөрөнгөөс тодорхой хувь хэмжээг нь санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглаж, нэмэгдүүлэх боломж бас байдаг.

Ийнхүү даатгалын нөөц сангийн хэмжээ сүүлийн таван жил дараалан тогтмол өсөлттэй байгаа нь даатгалд хамрагдах иргэдийн тоо өсч, улмаар даатгалын компаниудын хураамжийн орлого нэмэгдэж буйтай холбоотой юм. Хурдацтай өсөн тэлж буй даатгалын салбарын цар хүрээ, хүртээмж болоод шинээр зах зээлд нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг даган, нөөц сангуудыг зохих хэмжээнд хангаж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо даатгагчдын үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг болгон тавьснаар ийнхүү болзошгүй эрсдэлийг тодорхой хэмжээнд даах чадвар бүрэлдэн бий болж байна. Даатгалын компаниуд ч өөрийн эрсдэлийг үнэлж, даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг даах хэмжээний нөөц сангаа бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ