Монгол Улс өрсөлдөх чадварын индексээр 101 дүгээрт жагсчээ

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 101 дүгээрт жагссан байна.

Дэлхийн нийт 137 орноос энэ удаа Швейцарь, АНУ, Герман, Сингапур, Нидерланд, Хонгконг зэрэг улс өрсөлдөх чадварын индексээрээ тэргүүлсэн бол  ОХУ 38-т, Хятад улс 27 дугаар байрт эрэмблэгджээ.

 Дэлхийн эдийн засгийн форум өрсөлдөх чадварын индексийг тогтоохдоо 12 тулгуур үзүүлэлт болон 115 дэд  үзүүлэлтийг шалгуур үзүүлэлт болгодог бөгөөд манай улс 3.9 оноо авчээ.

Өрсөлдөх чадварыг тодорхойлох 115 дэд үзүүлэлтээс манай улс 10 гаруйд нь эхний 50-т жагссан байна. Тодруулбал, цалин хөлс тогтоох уян хатан байдал, татварын нийт хувь, ажлаас халахад гарах зардлын хэмжээ, хөрөнгө оруулагчдын хамгаалалт зэргээр 12-28 дугаар байрт оржээ.

Энэ жилийн хувьд манай улс макро эдийн засгийн тогтвортой байдал 0.8, дэд бүтэц 0.2 оноогоор дээшилсэн бол эрүүл мэнд, дээд боловсрол, мэргэжлийн сургалтын чанар, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг 6 тулгуур үзүүлэлтийн оноо 0.1  нэгжээр буурчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ