Д.Сумъяабазар: Гашуунсухайт чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон шинэчилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт автозамын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Засгийн газрын тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн байдаг. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан юм. Өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан.
Харин зуны цагт хэд хэдэн удаа үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүсгэлээ. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна" гэв.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Тавантолгой”-н нөөцийн үнэлгээг 2010 онд хийсэн. Одоо IPO босгох асуудал яригдаж байгаа. Дахиж нөөцийн үнэлгээ хийх үү?
–2010 онд АНУ-ын компаниар нөөцийн үнэлгээг бүрэн гүйцэт хийлгэсэн. Одоо нөөцийг баталгаажуулах ажил хийгдээд явж байгаа.
-Засгийн газрын зүгээс шатахууны импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан ч зах зээл дээр шатахууны үнэ өссөөр байна. Үүнийг хэрхэн шийдэх бол?
-Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцлаа. Ингээд ОУВС-тай зөвшилцөж байж дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болоод хэлэлцэх асуудлаас долоо хоногоор хойшлууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ