“Таван Толгой” компанийн борлуулалтын орлого буурчээ
Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Таван Толгой” компанийн борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2.8 дахин буурсан байна. Харин нэг тонн нүүрсэнд ногдох борлуулалтын орлого энэ хугацаанд 1.3 хувиар өссөн талаар тус компани мэдээллээ.
Борлуулалтын орлого нь ийнхүү буурахад “Таван Толгой” компанийн үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд тасалдсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Тус компанийн үйл ажиллагаа оны эхний таван сард хэвийн үргэлжилж байсан бол Сангийн яам болон бусад яам агентлагуудаас шалгалт хийж эхэлснээр үйл ажиллагаа нь доголдсон талаар тайландаа тусгажээ. Энэ хоёр сарын хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан бол нийт 108.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой байсан гэж тус компани тооцоолсон байна.
“Таван Толгой” компанийн хувьцааны ханш II улирлын эцсээр 9655 төгрөг байсан нь жилийн дүнгээр хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Мөн оны эхний хагас жилд тус компани нийт 3.3 тэрбум төгрөгийн хувьцаа арилжсан нь өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар нэмэгдсэн дүн болж байна.
Одоогоор “Таван Толгой” компанийн 87.7 хувийг гурван хувьцаа эзэмшигч, үлдсэн 12.3 хувийг 1884 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ