Ч.Хүрэлбаатар: Төрийн мөнгөнд хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг арилгасан
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргасан. Уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор халамж, тэтгэвэр нэмэгдэх үү?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан халамж гэж байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сараас нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим халамж нэмэгдэнэ. Нийт 7-8 тэрбум төгрөгөөр халамж нэмэгдэнэ.
-ОУВС-гийн зүгээс хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй, гадаад худалдааны хэмжээ ч нэмэгдсэн. Эхний долоон сарын байдлаар төсвийн орлого 589 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ирж ажилласан. Энэ үеэр цалин, тэтгэврийг нэмэх тал дээр хоёр тал бүрэн хэмжээгээр ойлголцсон. 2018 онд төсөвт суусан эх үүсвэрийн хүрээнд цалинг нэмнэ. Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, төсвийн сахилга бат нэлээд сайн сахиулж, өр сайн төлж байна. 2017 оны аравдугаар сарын 24-нээс хойш манай Засгийн газар гадаадын зах зээлээс нэг ч ам.долларын өндөр хүүтэй арилжааны зээл аваагүй. Дотооддоо арилжааны банкнуудаас болон бусад иргэн аж ахуй нэгжүүдээс нэг ч төгрөгийн зээл аваагүй.
-Төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 589 тэрбум төгрөгөөр давуулан биелэсэн гэлээ. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ?
-Давсан орлогын зарим хэсэг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулагдаж байгаа. Нэг үгээр хэлбэл, зээл авахгүй байхад зориулагдаж байна. 2018 оны төсвийн батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг УИХ-аас өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1.4 их наяд төгрөг хүртэлх зээл авч болно гэсэн үг. Харин Сангийн яам зээл авахгүйгээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Засгийн газар өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулчихаад эргүүлээд өндөр хүүтэй зээл авдаг байсан. Энэ бүгдийг зогсоосон. Төрийн мөнгөнд хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг арилгасан.
-Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар хэд байгаа талаар бодит мэдээлэл өгнө үү?
-Энэ оны нэг, зургадугаар сард хамгийн их өр төлөлттэй, ачаалалтай байсан. Өнгөрсөн зургадугаар сард 753.3 тэрбум төгрөгийн өрийг төлсөн. Ингээд нийт эхний зургаан сард энэ онд төлөх өрийнхөө 70 хувийг төлсөн. Засгийн газар авсан зээлийнхээ хүүд л 1.4 их наяд төгрөг төлдөг байсан. Тэгвэл энэ хэмжээ 800-900 тэрбум төгрөг болж 600 тэрбум төгрөгөөр буулгасан. Өр авахгүй байх дээр Засгийн газар онцгой анхаарч байгаа. Монгол Улсын Засгийн газрын нийт өр 22.8 их наяд төгрөг байна. Үүнд урт хугацаатай хүү багатай хөнгөлөлттэй зээлүүд орж байгаагаас гадна 2012-2016 оны хооронд авсан өндөр хүүтэй бондын мөнгө багтаж байгаа. ДНБ-д эзлэх өнөөгийн үнэ цэнээр өрийн дарамтыг тооцдог. Тэгэхээр 2016 оны төгсгөлөөр Монгол Улсын өрийн хэмжээ БНБ-ний 80 хувьтай тэнцэж байсан. Харин энэ оны төгсгөлд 60 хувьтай болно. Нэг үгээр хэлбэл, өрийн дарамт буурна гэсэн үг.
-Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмнэ гэсэн. Хичээн хувиар яаж нэмэх вэ?
-Ирэх онд цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэхээр хэлэлцэж, тохиролцсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ