Б.Ганхуяг: 1072 хувьцаа амилах санхүүгийн суурь үүсчихлээ
-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 373.3 ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА-
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах санхүүгийн суурь бүрдсэнийг дуулгав. Тиймээс өнөөдрөөс эхлэн 1072 хувьцаа эзэмшигчдийн дансыг нээх ажлыг эрчимжүүлж буйгаа хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор мэдэгдсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: -“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд байгуулагдсан. Энэ найман жилийн хугацаанд компани нийгмийн хүндрэлтэй, эдийн засаг, санхүүгийн хямралтай нүүр тулсан. Ялангуяа нүүрсний үнийн уналттай нүүр тулж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хүртлээ хүндрэл орж байсныг та бүхэн мэдэж байгаа болов уу. Мөн улс төрчдийн зарим шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани хүндрэлтэй нөхцөл байдалд орж байсан. Гэрээ, олборлолт зогсож байлаа. Манай компани энэ бүх хүндрэлтэй нүүр тулж, ард нь гарсан. Өөрөөр хэлбэл, бидний өмнө маш том санхүүгийн боломж ирээдүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компани Монгол Улсын гурван сая иргэнийг толгойлсон толгой компани. Бид энэ үүргээ хангалттай биелүүлж байгаа. Үүнийг та бүхэн өнөөдөр танилцуулах гэж буй тоон үзүүлэлтээс харах боломжтой.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны эхний хагас жилийн байдлаар 53 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Төлөвлөгөө ёсоор энэ онд 1.26 их наяд төгрөгийн борлуулалт хийх эрхтэй байсан бол эхний хагас жилд ийнхүү 78 хувийг гүйцэтгээд байна. Ингэснээр улсын төсөвт 2018 онд 210.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 90 орчим хувийг эхний хагас жилд гүйцэтгэж чадлаа. Улсын төсөвт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 216.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. 2017 онд улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлснээр ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт бичигдсэн бол энэ мөнгөний 90 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өнөөдрийн байдлаар улсын төсөвд төвлөрүүлээд байна.
Хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлээд явж байна. Жилийн гүйцэтгэлээр 337 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол бид хагас жилд 373 тэрбум төгрөг бүрдүүлж, 110 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид өөрсдийн шууд хамаарал бүхий төслүүдийн зохих хэсгийг санхүүжүүлэх боломжтой болж буйгаас гадна 1072 хувьцааг амь оруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Ашиг орлого ийнхүү өсөхөд нөлөөлсөн зүйл нь зөвхөн нүүрсний үнэ юм байна. Тодруулбал, “Чалкогийн гэрээний хүрээн дэх үнийн дөрвөн аргачлалыг 2018 он хүртэл хэрэглэсэн. Харин энэ жил тав дахь индексийг гэрээнд оруулсан. Энэ хүрээнд суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадсан. Суурь үнийг 61 ам.доллароор тогтоосон. Ингэснээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд нүүрсний үнэ 61 ам.доллараас буухгүй.
Ажилчдын цалин хангамжид анхаарч байгаа. Цалинг энэ оны эхний хагас жилд хоёр удаагийн зохион байгуулалтаар 21 хувиар нэмсэн. Гүйцэтгэх захирал хамгийн өндөр цалин авдаггүй. Би 3.2 сая төгрөг гар дээр авдаг. Миний цалин 12-18-д бичигддэг. Төслийн хувьд хамгийн эхэнд төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь зардлыг 20-30 хувь бууруулна. Хоёрдугаарт, нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ.
Мөн 1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 393 иргэнд хувьцааны бүртгэлийн данс нээж өгсөн байна. Манай компанид нийт 2.511.000 хувьцаа эзэмшигч байдгаас 623.000 нь л эрхээ нээлгэсэн нь хангалтгүй үзүүлэлт. Энэ тоог 800.000-аас нэг саяд хүргэж байж хувьцаа амь орох үндэс болно. Тийм учраас өнөөдрөөс бид хувьцааны эрх нээлгэх аян эхлүүлж байна.
1072 хувьцаа амилах санхүүгийн суурь нь үүсчихлээ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 1072 хувьцааг амилна гэхэд “Хэзээ вэ” гэсэн асуулт тавьж байсан. Тухайн үед манай компаниас яагаад тодорхой хугацаа хэлээгүй вэ гэхээр бидэнд сая дурдсан тоон үзүүлэлт байгаагүй. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ