Монгол улсын эдийн засгийн зээлжих зэрэглэлийг дээшлүүлжээ

Наадмын өдрүүдээр чихэнд  дуулдаж сонсогдсон ч үндэсний их баяр наадмын амралт, баярын настр дуулианд дарагдаж бүдгэрсэн нэгэн сайн мэдээ бий. Тэр нь  Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Фитч” агентлаг энэ оны долоодугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “тогтвортой” болгожээ. Өөрөөр хэлбэл хасах В байсан зэрэглэл В болж дээшилсэн гэсэн үг.  Зээлжих зэрэглэл ингэж өссөн үзүүлэлттэй байгаа манай улсын эдийн засаг сайжирч байгаагийн нэг шинж бөгөөд олон улсын хөрөнгө оруулагч нарт очиж байгаа сайн мэдээ юм.

“Фитч” агентлаг  манай улсын эдин засгийн зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ хэд хэдэн үндэслэлийг авч үзжээ.

Төсвийн санхүүгийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд өнгөрөгч оны 11 дүгээр сараас хойш тогтмол сайжирч 2018 оны 5-р сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн байлаар. Мөн төсвийн зарлага 6 хувьд хүрсэн нь 2018 оны зорилтот түвшинд хүрэн хадгалагдаж байна. Фитчийн зүгээс төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9 хувьд хүрч бууран, улмаар Засгийн газрын нийт өр ДНБ-ний 75.3 хувь /2017 онд 81.2%, 2016 онд 91.4 хувь байсан/ хүртэл буурна гэсэн төсөөлөлтэй байна.

Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг 6 дугаар сард хэлэлцэж баталсан ба хөтөлбөрийн хэрэгжилт сайн, 2018 оны 3-р сарын байдлаар бүх тоон үзүүлэлтүүд амжилттай хангагдсан болохыг тэмдэглэсэн. Ийнхүү ОУВС цаашлаад бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэн хийгдэх боломж бүрдсэн.

Өөр нэг гол үндэслэл бол Монгол Улсын гадаад валютын нөөц 2017 оны эхээр 1 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол ОУВС-ын хөтөлбөртэй уялдаатайгаар санхүүжилтүүд хийгдсэнээр 2018 оны 5-р сарын байдлаар 3.3 сая ам.долларт хүрч өссөн явдал.  

Түүнчлэн  эдийн засгийн өсөлт 2018 оны 1-р улиралд 6.1 хувьд хүрсэн зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд  нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ