Засгийн газар МҮХАҮТ-тай хамтран бизнесийн таатай орчин бүрдүүлнэ
Засгийн газар бизнесийн хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хэлэлцэл, түншлэлийг хөгжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор МҮХАҮТ-тай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Бизнесийн хууль, эрхзүйн орчинг сайжруулах, Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл, түншлэлийг хөгжүүлэх, Бизнесийн орчны судалгааны тайлан, мэдээлэл солилцох тухай тусгасан Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурлаа.
“Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэн ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Засгийн газар ажил олгогч, баялаг бүтээгчдээ дэмжинэ. Бизнесийн орчинтой холбоотой хууль, тогтоомж, бодлого, шийдвэр гаргахдаа бизнес эрхлэгчдийн саналыг авч байх болно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав “Бид бизнес эрхлэгчдийнхээ санал, бодлыг нэгтгэн Засгийн газарт уламжилна. Цаашид макро эдийн засгийн гол томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр урт, удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллана” гэлээ.
Засгийн газар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хууль, эрхзүйн тогтвортой байдал, тааламжтай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, зөвлөлийн дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ажиллуулж эхэлсэн. Энэ хороог бизнес эрхлэгчдийн талаас МҮХАҮТ удирдаж байгаа юм.
МҮХАҮТ нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3400 гаруй аж ахуйн нэгж гишүүнтэй. Танхим энэ онд УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг 13 байгууллага, гадаадын худалдааг дэмжих 28 байгууллагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ