"Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хоёр дахь үе шат эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу 2012 оноос Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хэрэгжиж байсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хоёр дахь үе шат 2018 оны 6 дугаар сар 29-ний өдөр нээлтээ хийлээ.

Төслийн нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат оролцож, хэлсэн үгэндээ: 'Монгол Улсын Засгийн газраас Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран Хөдөөгийн ядуурлыг бууруулах, малчин өрх, төв суурийнгийн өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор ‘’Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил’’ төслийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэхүү төслийн ололт амжилт, үйл ажиллагааг өргөжүүлэхээр 9,3 сая ам долларын нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран байгуулж УИХ-аар соёрхон батлуулснаар төслийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байна' гэв.

2018-2021 онуудад Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 24 суманд хэрэгжих нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд бэлчээрийн зохистой ашиглалт, малчдын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхийг дэмжсэнээр манлчдын орлого өсөж, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж төслийн багийнхан мэдээллээ.

Төслийн санхүүжилт нь 10,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бөгөөд орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид тэр дундаа эмэгтэйчүүд давамгайлсан 23 мянган өрхөд батлан даалт бүхий зээл олгох юм.

Өнөөдрийн арга хэмжээнд нэгдүгээр шатны төсөлд хамрагдсан аймаг, сумдын төлөөлөл ирж, талууд харилцан санал бодлоо солилцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ