Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явц болон үер, ус ихээр тогтдог байршлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Зөвлөгөөний эхэнд Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р. Дагдан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц болон Төв аймгийн Баян суманд барих  цахилгаан станцын талаар танилцууллаа.

Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүрэг хоёрын заагт  2 блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барина. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай дүүргийн төвөөс 2 км-ийн зайтай байх юм. Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р. Дагдан “Баянгийн ЦС-ын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна” гэв.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан байна.  Тус блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Сэргэлэн чиглэлд 84.5 км урттай 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм.  Бөөрөлжүүт цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ