Хиймэл оюунд зориулсан үндэсний дата төв байгуулна
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/10/bwy9ddotdcthdqni/Хиймэл оюунд зориулсан үндэсний дата төв байгуулна.jpg)
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр 2025 онд хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулж мэдээлэл хийлээ.
Энэ онд "Хиймэл оюунд зориулсан "TIER-4″ үндэсний дата төвийг Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотод байгуулна. Мөн төрийн 4000 орчим яам агентлагийн цахим вэб хуудсыг Gov.mn нэгдсэн системд нэгтгэнэ" гэдгийг онцолсон юм. Мөн Засгийн газар Хиймэл оюуны үндэсний стратегийг батлуулах аж.
Хиймэл оюуны үндэсний стратегийг батлах хүрээнд хийх 10 ажил:
-Монгол улсад 5G технологийн хэрэглээг эхлүүлж, бүх сумын интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар 325 сум 52,480 км шилэн кабель 1Гбит/сек дахин дамжуулах сүлжээний багтаамжтай байна. Үүнийг 2025 онд 10 Гбит болгохоор ажиллаж байна.
-Хиймэл оюунд суурилсан TIER IV ангиллын ногоон дата төв байгуулах төслийг эхлүүлнэ. Өнөөдөр Үндэсний дата төв ашиглалт нь 95 хувь, цахилгаан ашиглалт нь 65 хувь, хиймэл оюун ухаанд суурилсан сервер байршуулах боломж 5 ширхэг байна. Шинэ ногоон дата төвтэй болсноор их өгөгдлийн дэд бүтэц бий болгох, TEIR IV стандартыг хангасан байх, Hybrid болон Multicloud дэд бүтцийг бий болгоно.
-Төрийн мэдээллийн ил тод байдлыг хангах тогтолцоог төгөлдөржүүлж, нээлттэй өгөгдөл, их өгөгдлийг эргэлтэд оруулна.
-Улсын бүртгэл, газрын бүртгэл, эрүүл мэнд, шүүх зэрэг талбарт блокчайн технологи нэвтрүүлж, шударга, авлигагүй нийгмийг цогцлооно.
-Төрийн үйл ажиллагааны дижитал шилжилтийг эрчимжүүлж, E Mongolia платформд AI агент нэвтрүүлнэ.
-Кибер аюулгүй байдлын олон улсын зэрэглэл дэх Монгол улсын байр суурийг ахиулж, "дэвшиж буй" ангилалд оруулна.
-Үндэсний цахим шуудангийн харилцааг хэвшүүлж, тоон гарын үсгийн хэрэглээг 10 дахин нэмэгдүүлнэ.
-Хиймэл дагуулын бодлого, зохицуулалтыг тодорхойлж, сансрын эдийн засгийн суурийг тавина.
-Дроны нислэгийн туршилтын олон улсын бүс, операторын сургалтын төвийг байгуулж, мэргэшүүлэх тогтолцоог бий болгоно.
-Инновацлаг гарааны бизнесүүдийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний сан байгуулах ажлыг эхлүүлж, дижитал эдийн засгийг хөгжүүлнэ.
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ