Л.Гантөмөрт ганц Лодойсамбуу биш 1000 инженер байна
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/10/tt28pfvrq57tyq6l/Л.Гантөмөрт ганц Лодойсамбуу биш 1000 инженер байна.jpeg)
Л.Гантөмөр сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу ердөө сонгуулийн өмнө Ардчилсан намын гишүүнээр элссэн ч, өдгөө УИХ-ын гишүүн болоод амжчихсан. Үүнийг хэн ч яаж үгүйсгэлээ ч Л.Гантөмөрийн дэмжлэг, итгэл сэтгэлтэй холбоотой гэдгийг хүн чанар ярих дуртай Монголчуудын зарим нь мэдэхийн дээдээр мэдсэн ч, Ч.Лодойсамбуу чинь таны дэмжиж гаргаж ирсэн хүн биш юмуу гэж мэдэн будилж асууж ч байх шиг.
Ч.Лодойсамбуу гишүүн гэнэт л Засгийн эсрэг чангарч эхэлсэнийг захиалгатай гэж үзэх хүмүүс байхад АН-ын дарга, Тэргүүн шадар сайд ах нь харин “Ч.Лодойсамбуу гишүүн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж байгаад улс орныг хөгжүүлэх боломжийг алдах вий гэсэн зовинол байна” гэж хэлсэн нь хэвлэлийнхний гарчиг болж амжив.
Гурван намын хамтралтай засаг хоёр гурван гишүүн хойлоогоо шахаж орилоод гарын үсэг цуглуулсанаар огцорчихгүй гэдгийг АН-ын дарга, Тэргүүн шадар сайд эрхэм тэрбээр сайн мэдэж байгаа ч сэтгэл зовниж байна гэж хэлсэн нь битүүхэндээ бол өмнөөс нь нэрэлхэж “Санаа зовж байна” гэсэн утгатай сонсогдож байлаа.
Үнэндээ Ч.Лодойсамбуугийн оронд хэн нэгэн өөр гишүүн үсэрч гарч ирээд мэдэгдэл хийхэд Л.Гантөмөрт гайхах зүйл байхгүй байсан бизээ. Гэвч Л.Гантөмөрийн тэргүүлдэг Ардчилсан намд өөр 40 гишүүн, Л.Гантөмөрт ганц Ч.Лодойсамбуу биш 1000 инженер бий гэдэг нь өнгөрөгч 7 хоногийн сүүлээр цухас харагдлаа. Манай зарим нэг залуу улс төрчдөд өөрийгөө гол дүр, бүхнийг ойлгоод мэдээд болоод байх шиг байна гэсэн буруу хандлага ажиглагддаг бол, инженерүүдэд харин энэ чанар “нөү” юм байна.
Арав гаруй жилийн өмнө алсыг хараад явуулчихсан “Инженер, технологийн дээд боловсрол буюу 1000 инженер” төсөл улам бүр холыг зорьж буй аж. Улс төржилтөөс илүү инженерчлэл хэрэгтэй болсон цаг үед улс орон даяар өрнөх мега төслүүдэд 4900 инженер шаардлагатай байгаа талаар албаны эх сурвалж хэлж, тэнд хэрхэн хувь нэмрээ оруулах, болж өгвөл төлөөллөө ажиллуулах талаар тэд ийн жинхэнэ эх оронч яриа хөөр өрнүүлжээ. Хамгийн гайхалтай нь мөнөөх 1000 инженерийн олонхи нь эх орондоо ирчихсэн өөр өөрсдийн чиглэлээр ажиллаад завгүй байдаг. Гэтэл мега төслүүдэд улс төрчид биш инженерүүд олноороо хэрэгтэй болдог.
Тэргүүн шадар сайдын санаачлагаар өрнөсөн “1000 инженер эх орондоо” арга хэмжээний үеэр “Мэдлэг, ур чадвар бол Монгол Улсын 15 дахь мега төсөл, харин тогтворгүй байдал бол бидний үндсэн дутагдал” гэж Ч.Лодойсамбуугийн хуурай ах, төслийн санаачлагч, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр яагаад хэлсэн юм бол? Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “ Ямар ч бодлого явсан Алибаба, Амазон дампуурахгүйтэй адил, даяаршсан дэлхий буцаад бөөрөнхий болчихгүй нь мэдээж юм. Бүгдээрээ хамтдаа мэдээллийн нэгдсэн дататай платформ угсарцгаая.
Шинжлэх Ухааны парктай болох мөрөөдлөө биелүүлцгээе. Та бүхэн 5 гарааны компаниа 50 болгож, 30 гаруй оюуны өмчөө 300 гаруй болгохын төлөө ажиллаарай. Монгол Улс оюун ухааны дутагдалд, шинжлэх ухааны дутагдалд орох ёсгүй. Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал бодлого бол хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого юм шүү” гэж хэлсэн нь инженер, эрдэмтэн судлаачидад итгэл өгч байлаа.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн санаачлагаар хийгдсэн “1000 инженер эх орондоо” арга хэмжээнд Хиймэл оюун ухаан, Өвлийн бетон үйлдвэрлэл, Мазаалай хиймэл дагуулын инженерүүд, эрдэмтэн судлаач олон залуус оролцож байсан юм. Ямартай ч Л.Гантөмөрт 1000 инженер лав байнаа.
Тэдний чиглэл явах зам тодорхой юм. Харин Ч.Лодойсамбуу гишүүн хаашаа юунд яарна вэ?...
А.Галт
Sanuulga.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД