Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 30 ширхэг автомашиныг гардуулан өглөө
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-т ажиллаж, Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн анги, салбар нэгжид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий нийт 30 ширхэг автомашиныг гардуулан өглөө.
Тухайлбал, эрэн хайх аврах ангиудад шуурхай албаны ISUZU маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны ISUZU маркийн 2 тонн багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 4 автомашин, хүн тээврийн IVECO маркийн 11 хүний суудалтай 6 автомашин, эмнэлгийн зориулалттай KIA маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон 2 автомашиныг тус тус хүлээлгэн өгсөн.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газрын зүгээс Онцгой байдлын байгууллагын чадавхыг сайжруулах, алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл, техник технологийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн. Манай улс сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон сорилттой нүүр тулж байна. Тэр дундаа ган зуд, гал түймэр, салхи шуурга, гамшиг осол, аянга цахилгаан зэрэг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, даван туулах чадвар, нөөц, боломжоо цаг, минут тутамд нэмэгдүүлж, бэлэн байдлаа хангах шаардлагатай. Тиймээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг шаардлагатай машин техникээр хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэдгийг онцоллоо. Цаашид Онцгой байдлын алба хаагчдын аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60.0 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85.0 хувь, гал унтраах автомашины хангалт 65.0 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80.0 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ