Т.Ариунзаяа Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө.
“Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд 47 орны 245 тамирчин зодоглосон бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага 19 тамирчин хүч үзлээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд залуу мастер, өсвөрийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны монгол жүдоч Т.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Казахстан, Оросын тамирчныг ялсан ч хэсгийн аваргын төлөө Японы Мэгүми Фүчидад ялагдсан. Улмаар дагах барилдаанд Бразилын шилдэг жүдоч Жессика Лимаг, хүрлийн төлөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Японы Момо Тамаокиг ялснаар “Их дуулга”-аас анхны медалиа хүртэв.
Түүний хувьд Токиогийн “Их дуулга”-аас өмнө Монголд болсон “Сенсей кап” болон “Топ-6” тэмцээнд түрүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД