ЧУУЛГАН: 2.3 их наядаар бууруулсан 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын намрын чуулганы Пүрэв гариг (2024.12.05)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Засгийн газар 2025 оны төсвийн хуулийн төслийг дахин боловсруулахдаа өмнө оруулж ирсэн төсвөөсөө улсын нэгдсэн төсвийг ДНБ-ний 35.2 хувьтай тэнцэх хэмжээнд буюу өмнөх төсөлтэй харьцуулахад 2.3 их наядаар бууруулж, алдагдалгүй төсөв батлахаар оруулж ирсэн байна.
Засгийн газар эдийн засгийн өсөлт ирэх онд 8.0 хувь байх төлөвтэй байна гэж үзээд, үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлнө хэмээн тооцжээ.
Цаашид Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засаг 6.5 орчим хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд тус тус хүргэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулжээ. Тухайлбал, гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байна.
Мөн нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ийн 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасны дагуу нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2025 онд 3.3 хувь, 2026-2027 онд 2.0 хувьтай тэнцэж байгаа нь хуулийн холбогдох шаардлагыг хангаж буй юм байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөл бүрдүүлэх юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна.
Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Яг одоо УИХ-ын Төсвийн байнгын хороо,УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 12:00 цагт тологдож, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД