“Чингис хаан” дөрвөн одны зэрэглэл хүртэж, дэлхийн шилдэг 100 нисэх буудлын тоонд багтлаа
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал дөрвөн одтой болсныг бид өмнө нь мэдээллэж байсан билээ.
Өнгөрсөн сард ХБНГУ-ын Франкфурт хотод зохион байгуулагдсан “Skytrax world airport awards” ёслолын үеэр нисэх буудлын удирдлагын төлөөллүүд “4 STAR AIRPORT” батламж гэрчилгээгээ албан ёсоор гардсан. Тэгвэл өчигдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд батламжаа заллаа.
Монгол Улсыг дотоод болон гадаадтай холбох агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2023 онд 1.7 сая гаруй зорчигч хүлээн авсан бөгөөд энэ нь нисэх буудлын түүхэнд хамгийн олон зорчигч хүлээн авсан амжилттай үдсэн. Улмаар 2024 онд Монголын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртэв.
Их Британийн Лондон хотод төвтэй олон улсын агаарын тээвэрлэгчид болон нисэх буудлуудад зэрэглэл олгодог судалгаа үнэлгээний “Скайтракс” байгууллага нь 1989 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээ 1-5 оноогоор үнэлдэг байна. Энэ дагуу “Чингис хаан” ОУНБ-ын зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, орчин, тохижилт, цахим хуудас, нийтийн тээвэр, тэмдэг тэмдэглэгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, цэвэр цэмцгэр байдал, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлгээ аудит хийжээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь “4 од” зэрэглэл авсан ч зарим үйлчилгээ нь таван онооны шалгуур хангасныг удирдлагууд нь онцолсон. Тухайлбал, хилийн шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлын үзлэг, зорчигчийн хүлээх хугацаа, зарлан мэдээлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, AED төхөөрөмж байршуулалт, тав тухтай байдал, агааржуулалт, тэмдэг тэмдэглэгээ, цэвэр цэмцгэр байдлын үзүүлэлт, ариун цэврийн өрөө, байгууламжийн стандарт, байршлын ойлгомжтой, хүртээмжтэй байдал зэрэг нь таван онооны шалгуур хангасан байна. Үүнээс гадна “Скайтракс” олон улсын байгууллагаас нисэх буудлын угтаж авахаас эхлээд үдэн гаргах хүртэл бүх шатанд ажиллаж байгаа ажилтнуудын харилцаа хандлагыг өндрөөр үнэлсэн бөгөөд мэргэжлийн түвшний найрсаг харилцаа, хандлагыг гаргаж, харуулж чадсаныг онцолсон аж.
Түүнчлэн “Чингис хаан” нисэх буудлыг цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг гэж “Скайтракс” дүгнэсэн байна. Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг бөгөөд ”Чингис хаан” нь дэлхийн шилдэг 100 гаруй нисэх буудлын нэг боллоо.
Нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн хувьд нисэх буудлыг олон улсын түвшинд үнэлүүлэх зорилт тавин, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд бэлтгэл ажлыг ханган зохион байгуулснаар нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд нэгэн жигд, ижил түвшинд үйлчилгээгээ сайжруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Хил, Гааль, Гадаадын иргэн харьяатын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, Тээврийн прокурор, Тагнуул, Иргэний агаарын тээврийн цагдаагийн газар, агаарын тээвэрлэгч авиакомпаниуд, худалдаа үйлчилгээний газрууд гэх мэт төрийн тусгай чиг үүргийн болон хувийн хэвшлийн 80 гаруй үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ сарын 20-ны байдлаар тус нисэх буудалд гадаад, дотоодын 20 агаарын тээвэрлэгч авиа компани олон улсын 23, орон нутгийн долоон чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Дашрамд дурдахад, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зай талбай, хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс 2023-2024 оны тавдугаар сар хүртэл 10 орчим ажил хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ