“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралджээ
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралджээ.
Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм.
Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын сайд болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажил, дүгнэлтийн талаар танилцуулав.
Ослын дүгнэлттэй холбоотойгоор нарийвчлан тодруулах шаардлага бүхий мэдээллийг цуглуулж, Баасан гарагт буюу тавдугаар сарын 10-ны өдөр дахин хуралдахаар болжээ.
Дэлбэрэлтийн улмаас зөвхөн гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ