Сонгогчдын хоточ-Хөгжлийн хөтөч

Улаанбаатар хотын иргэний  хувьд нийслэлчүүдийнхээ амьдралд хааяа ч болох нь ээ санаа тавина гээч. Өглөө гараад л зам дээр түгжрэхээрээ, өдөр бүр хотынхоо асуудалтай тулгарахаараа зовох битгий хэл тарчилна. Нийтийн унаа хүлээн буудал дээр дэрчийтэл зогсохоороо арай ч дээ гэж хэнд ч юм гоморхоно. ​Хэнд юу байхав хотынхоо удирдлагад хэн тавьлаа гэж ундууцна.

Цардмал замын цасан бүрхүүл дээр хальтирхаараа хэн нэгнийг зүхнэ. Хэрэлдээд л, тэмцэлдээд л, амьдрах гэж мачийгаад л хэдэн ч оныг ингэж үдэв дээ. Ам хааяа мурийсан ч амьдарсаар л байдаг авгайдаа хайртай мэт хотдоо элгэмсүү нь хэтэрхий. Дутагдал байсан ч хажуугаар нь дуутай, дуугүй өнгөрдөг ч өег сайхан амьдрах боломжоо өөрсдөө өдий болтол үл тоосоор ирсэндээ огтхон ч харамсахгүй.

Үгүй, тэгээд хааяа хааяа Нийслэлийн Иргэдийн Хурал хуралдаж байвал бидний асуудал, миний асуудал гээд чих тавина. Хэнийг сонгосноо мартсан ч, хэрэгтэйг нь санахаараа гэнэ гэнэ ийн анзаарна. Ой санамж олдмол юм шиг орж гарна. Түүртдэг асуудал болгоны учиг энд байгааг,миний сонголт намайг дамшиглаж байгааг заримдаа ийн анзаарна.

Заримдаа гэснээс анзаарах биш сэрж сэхээрэх цаг болжээ. Бумбын эрин мэрэн ирсэндээ ч биш, бурхан харж үзсэндээ ч бүр биш.

“Албан тасалгааны цонхоор

Амьдрал сайхан харагдахгүй” болсон болохоор амьтаны зөн сэрсэн нь энэ буй за.

Би Чингэлтэй дүүргийн иргэн. Нийслэлийн хурлын сонинг сошиалаар сэвэхээр нэг хүний яриан дээр анхаарал төвлөрөөд байдаг болсонд хэргийн учир оршино. Тэр хэргийн эзэн нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл. Энэ нөхөр тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал болгонд ёс мэт ажил хэрэгч хандаж, бидний төлөөлөл нээрээ бидний төлөө ингэж ажилладаг билүү гэсэн атаа төрүүлэм жинтэй жинтэй үг хэлж маргаан мэтгэлцээн өрнүүлж, асуудал дэвшүүлэх нь анзаарахгүй байхын аргагүй. Амнаас цаашгүй нэгэн биз гээд сонирхтол ам,ажлын нэгдэл нь цул юм.

Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн “Камерын хяналтын нэгдсэн төв” нь улсын хэмжээнд жишиг болжээ. Яагаад гэсэн чинь дүүргийнхээ газар нутгийн 89 хувийг “ногоон бүс”-чилжээ.Үр дүнд нь гэмт хэргийн илрүүлэлт 60 хувиар нэмэгдэж,хэрэг гаралт 40 хувиар буурсан эерэг үзүүлэлт иргэдэд нь мэдрэгдэж таашаасан аж.

Энэ дүүргийн иргэд 20 дунд сургууль, 38 цэцэрлэгээр хүүхдээ сургаж хүмүүжүүлдэг. Мэдээж хүрэлцээ хангамж төгс шийдэгдээгүй, анги дүүргэлт, орчин энэ тэр гээд асуудалтай л байгаа. Гэсэн ч бүх цэцэрлэгтээ олон улсын гурван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлснээр дүүргийн бяцхан иргэдийнхээ сэтгэлд нийцэж эцэг, эх ам уралдан магтацгаадаг болж.  Энэ л бодит үр дүн.

Бас цахим сургалтын оромдолтыг үндсэндээ арилгаж 400 багшийг зөөврийн компьютерээр хангаад одоо 650 багшийг дахин зэвсэглэхээр базааж байна. Хөдөлмөрийн сайн багаж зэмсэгтэй хүн л ажлаа шуурхай сайн гүйцэтгэж өгөөж нь аривждаг жамтай.

Тэр тусмаа уураг тархинд ухаан тарина гэдэг, орон зайн хязгаарыг нэвчиж үр дүнд хүрнэ гэдэг санасны зоргоор хэрэг бүр биш. Батсүмбэрэл байтлаа ингэж үр дүнг эрэлхийлж шимийг хүртэж буй нь атаархам.

Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн Хөгжлийн банкны 30 сая ам долларын санхүүжилтээр ЖИШИГ эмнэлэг баригдах гэж байна. Мөн дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн өргөтгөлийн барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэж Засаг дарга өөрөө танилцуулж байх юм. Тэгсэн чинь нөхөр өмнө нь таван хорооны Эрүүл Мэндийн Төвийг ЖИШИГ болгочихоод цадаж ханахгүй ахиж явсан байх нь.Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цадаж ханадаггүй         “шуналтай” нөхөр бол ёстой бидний сонгох учиртай ЖИШИГ СОНГОЛТ мөн билээ.

Харин ингэхэд би, бид, нийслэлчүүд бүгдээрээ энэ мэт ЖИШИГ болохуйц сонголт яагаад хийж чадахгүй байна вэ?Энэ тийм боломжгүй гэж үү?

Тэр тусмаа хэн нэгнээс, аль нэг нам, эвслээс хамааралтай зүйл гэж үү? Уг нь их энгийн. Ахмадууд үнэнчээ илэрхийлж намын нөхдөө дугуйлдаггүй, залуучууд огтоос хамааралгүй орон зайд аж төрдөг мэт анзаардаггүй,байтлаа бүр тоодоггүй харалган зангаа гээчихвэл наад зах нь өөрсдийнхөө хүсэмжит амьдралынхаа төлөө 50 хувь зөв сонголт хийхсэн. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг хэн маань ч ийм л нэг буруу сонголт хийсээр иржээ. Харин тэгтэл Батсүмбэрэл гэдэг залуу Та нар намайг “андуурч”сонгосон байна шүү гэж хурал болгон дээр “хуцаад”, ажил болгон дээрээ           “анзаарагдаад” баригдчихдаг байна штээ.

Тэгсэн чинь энэ нөхөр дүүргийнхээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 16 тэрбумын төсөвт өртөгтэй барилгын ажлыг энэ онд дуусгах гээд зүтгэсээр явна.Махруу юм. Нийслэлийн зүрх болсон нэг дүүргийн иргэд эрүүл мэндийн тухайтад “гоншигнох” эрхгүй болно гэдэг том олз. Нуур амгалан бол нугас амгалан. Цүнх барьдаггүй залуус байдаг. Байх байхдаа бүр байтлаа дүүрэг толгойлоод байж байдаг аж.

Сонгох эрхээ эрүүл саруул, ухамсартай, хариуцлагатай эдлэсэн, эцсийн үр дүнг нь өөрсдөө хүртсэн, би, чи, бид бүгдээрээ зөв сонголт хийвэл буруутанг хайхгүй, бусдыг чичлэхгүй сонголт хийж болдгийг харуулсан Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчиддоо гялайлаа.

Намууд биднийг “хуурах” гэж тоть шиг гоё зүйлийг давтдаг хэдий ч бид нам харгалзахгүй төлөөллөө “томилж” сурвал хонгилын үзүүрийн гэрэл хол биш, тоть шиг давтагдсан үгүүд үнэн байх магадлал илүү дөт байх нь ээ.

Нээрээ Батсүмбэрэл саяхан болсон НИТХ дээр газрын мафийг задлах талаар жинтэй дуугарч сонсогдоно билээ.Тэр тэсэлгээ амжилттай явагдвал ганц дүүрэг болоод нийслэлчүүд төдийгүй 0,7 га газраа ч авч чадаагүй иргэдэд боломж ирэхээр санагдсан шүү.

Сайн санааны үзүүрт тос гэж сайн хүний үйлийн үр бусдад өгөх өгөөжтэй байдаг нь дэндүү.

Намууд залуучуудад боломж олгож, ахмадууд зайгаа тавьж, иргэд сонголтоо мэргэн хийвэл ийм залуучууд хүч түрэн орж ирэх юм шүү дээ.

Зэлтэрийн гацаа, Зэрэг нэмэхийн өмнөх зовлон зөвхөн бидний уураг тархинд байна.

Түүнийг олж харах боломж нам болоод сонгогч танд л бий.

                                                                                                                    С.НЯМ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Цүнхчдийн шилдэг төлөөлөл шт. Юун мөрөөдчихсөн юм бэ!!!!
    2024 оны 05 сарын 04 | Хариулах